4-р сарын 22-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиков «Ур Ундрах» оёдлын үйлдвэрээр зочилж, өөрт нь болон гэргийд нь тусгайлан оёсон монгол үндэсний хувцас болох «дээл»-ийг бэлгэнд авав. Тус үйлдвэрийн эзэгтэй А.Алтантуяа Аугаа их ялалтын баярыг угтуулан Монгол, Оросын ард түмний бат бөх найрамдлын бэлгэдэл болгон тус дээлийг Элчин сайдад бэлэглэж буйгаа онцоллоо.

Оросын Элчин сайдад зориулан дээл оёх санаа хэрхэн төрсөн тухай сэтгүүлчдийн асуултад тэрээр саяхан А.Н.Евсиковын ярилцлагыг зурагтаар харсан ба тэрээр түүнд маш тааламжтай сэтгэгдэл төрүүлсэн гэж хариулав. «Аав минь Монголын төлөө их зүйл хийсэн элчин сайд нарт дээл бэлэглэж байгаарай хэмээн надад гэрээсэлсэн. Тийм учраас би өнөөдөр аавынхаа хүслийг биелүүлж байгаадаа маш их баяртай байна» гээд А.Алтантуяа Орос улс Монголын найдвартай түшиг тулгуур, эх орон маань ийм сайхан хөрштэй азтай улс гэж үздэгээ мөн илэрхийлэв.

Алексей Николаевич ийм онцгой бэлэг өгсөнд гүнээ талархаж буйгаа илэрхийлээд, дээл нь олон зуун жилийн түүхтэй бөгөөд монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлчин Хүннү гүрнээс гаралтай гэдгийг тэмдэглэв.

Түүнчлэн А.Н.Евсиков Монголд ирж буй Оросын жуулчид монголчуудын үндэсний хувцсыг маш их сонирхож, өөртөө болон найз нөхдөдөө бэлэг болгон худалдан авч байгааг хэлээд манай хоёр орон загварын салбарт хамтран ажиллах олон боломж байгааг онцоллоо.

«Байгаль орчны сайд С.Одонтуяа болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зэрэг эмэгтэй сайд нар олон улсын арга хэмжээнд оролцохдоо дээлээр гангарч, монгол соёлоо сурталчилж байгаагийн ачаар өдгөө монгол үндэсний хувцас их дэлгэрч байна. Үнэхээр биширмээр» гэж Элчин сайд хэллээ.

A.Н.Евсиков А.Алтантуяад сайхан бэлэг өгсөнд ихэд талархаж буйгаа илэрхийлээд, үйлдвэрт нь цаашдын амжилт, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.