Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ээлжит бус Их Хурал ирэх долоо хоногт болно. Энэ хурлаар холбооны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох юм. Уг хуралтай холбоотойгоор Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбооноос мэдээлэл хийлээ.
Тус холбоо нийт хөлбөмбөгийн тамирчдыг албан ёсоор төлөөлдөг төрийн бус байгууллага аж. Холбооны зүгээс удахгүй болох Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг эрс эсэргүүцэж, шударга бус сонгуулийн хороо ажиллаж байна гэсэн юм.
Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбооны төлөөлөл Д.Төрбат" Бид спортын ёс зүй, шударга байдал, ил тод байдлыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Иймд Монголын Хөлбөмбөгийн Холбооны үндсэн дүрэм, сонгуулийн дүрэм болон холбогдох журмыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны (FIFA) зарчмын дагуу шинэчлэн найруулж, тухайн шинэчилсэн дүрэм, журмын хүрээнд шинээр сонгууль зохион байгуулахыг шаардаж байна. Бид нэр дэвшигч Ц.Анандбазарыг хууль бусаар бүртгэсэн, шударга бус сонгуулийн хорооны үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байна. Монголын хөлбөмбөгийг улс төрөөс ангид, шударга, ил тод зарчмаар хөгжүүлж тамирчид, тоглогчдын эрх ашгийг хамгаалах нь бидний зорилго. Энэ үйл явц өнөөдөр болж байгаа биш юм. Бид 2023 оноос эхлэн нөхцөл байдлыг харж байна. Монголын хөлбөмбөгийн холбоо бол олон улсаас хамгийн өндөр санхүүжилт авдаг байгууллага. Гэтэл өнөөдөр өртэй сууж байна гэдгийг хараад гайхаж байна. Энэ нь Монголын хөлбөмбөгийн холбоо үеийн үед улстөрчдийн дамждаг шат болж ирсэнтэй холбоотой. Хамгийн өндөр санхүүжилтийг гаднаас авдаг хэрнээ тамирчид асар ихээр хохирч байгааг бид дуугай өнгөрч болохгүй. Өнөөдөр шигшээ багийн чансаа ямар түвшинд байгааг бүгд харж байгаа. Олон улсын байгууллагаас ирж буй санхүүжилтийг яагаад зөв зарцуулж чадахгүй байна вэ. Өмнө нь ярьдаг байсан зүйл одоо ч давтагдсаар байна. Бид оройтоогүй байгаа дээрээ энэ байдлыг засах ёстой. Хөлбөмбөгийн холбооны дотоод асуудал хэрээс хэтэрсэн. Бид холбоондоо гишүүн болж орьё гэсэн ч зөвшөөрөөгүй. Тиймээс өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийлээ” гэсэн юм.
Ташрамд мэдээллэхэд, Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурал дөрөвдүгээр сарын 28-д болно. Уг хурлаар холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг шинээр сонгохоор болсныг Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчид Ц.Анандбазар (Арвис ихөлбөмбөгийн клуб), С.Жаргал (шүүгчийн зөвлөл), Б.Гарьдмагнай (Унаганууд хөлбөмбөгийн клуб), Ө.Алтай ( Хараацай), Н.Болор-Эрдэнэ (”Хоромхон” хөлбөмбөгийн клуб) нар нэрээ дэвшүүлжээ.