П.ЛХАГВА

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн энэ улирлын аваргын төлөөх тоглолт өчигдөр эхэлж, "Бишрэлт Металл" баг нэмэлт цагт эхний ялалтаа авсан билээ. Гэвч тоглолтын үеэр "Бишрэлт Металл" багийн тоглогч Д.Скотт нь олон улсын сагсан бөмбөгийн холбооны дүрэм болон Үндэсний дээд лигийн тэмцээн зохион байгуулах журмыг зөрчин эсрэг багийн тоглогчийн биед халдаж, спортын бус үйлдэл гаргасан юм. Мөн "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч А.Азбаяр спортын бус үйлдэл гарган тоглогч болон үзэгчдийг үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан билээ. Иймд Монголын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр тус тоглогчдод хариуцлага ногдуулав. Тодруулбал, Д.Скоттод ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нийг хүртэл холбооноос зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг хасаж, 2 сая төгрөгөөр торголоо. Харин А.Азбаярт нэг тоглолт өнжиж, 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав. Хоёр багийн дараагийн тоглолт маргааш болно.