Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Энэ удаагийнхаа “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочинтой уулзаж, түүний амьдрал, уран бүтээлийн тухай ярилцахаар хүүхдийн гэгээн цайлган энерги шингэсэн “Хүүхэлдэйн театр”-ыг зорьсон юм. Урт хар үстэй, шаргал арьстай, харц, хөдөлгөөнөөс нь эрчим хүч ундарсан эмэгтэй бол нийтлэлийн маань зочин, тус театрын Уран бүтээл ангийн дарга  Д.Батмөнх. Тэрээр 76 жилийн түүхтэй “Хүүхэлдэйн театр” хэмээх том айлын  30 жилийн түүхийг бүтээлцэж яваа их авьяасын эзэн, хүүхэлдэй амилуулагч хатагтай. 

Тэрээр одоо театртаа  уран бүтээл ангийн даргаар ажиллаж байна.  Биднийг очиход “Хүүхэлдэйн театр”-ынхан шинэ уран бүтээлээ өлгийдөн авахаар тун завгүй байлаа.Тэд энэ удаа сонирхолтой, адал явдлаар  дүүрэн, өмнө гарч байгаагүй  төрөл  жанраар, бүр уран сайхны киногоор үзэгчтэйгээ уулзах гэж байгаа гэнэ шүү. Ази тивээс  хоёр дахь,  Монголын анхны  анхны паппет төрлөөр бүтээсэн  “Пөөдөө”  уран  сайхны кино  энэ сарын 18-наас  бүх кино театрууд болон  16 аймагт  гарч эхлэх нь ээ.

Энэ кино нь бүх насныхан үзэх боломжтой бөгөөд  гэр бүлээрээ нэгэн дурсамжийг бүтээж  “Пөөдөө”  болон түүний найзын адал явдалт ертөнцөөр аялацгаая.   Мөн нэг гэнэтийн бэлэг задлахад “ Хүүхэлдэйн  театр”-ынхан  маань  бяцхан багачууддаа зориулж   “Пөөдөө” уран сайхны киногоо тайзны уран бүтээлээр тавдугаар  сард хүргэхээр болжээ. Хүүхэлдэйн театрын  уран  бүтээлчдийн олон жилийн хөдөлмөр,  авьяас шингэсэн “Пөөдөө” хэмээх  сонирхолтой уран бүтээлийн тайз, дэлгэцийн  сонирхолтой хувилбараар  удахгүй уулзах нь ээ.

Ийнхүү бидний яриа тэдний шинэ уран бүтээлийн талаар эхэлсэн нь энэ. Харин  үргэлжлүүлэн зочинтойгоо түүний уран бүтээлийн замналын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Түүнтэй ярилцаж суухад яг л жүжгийн  текст сонсож байгаа мэт  ярианы өнгө,  үйл хөдлөл, инээмсэглэл, хөнгөн гуниг  гээд  мэдрэмж нь  ил нэгэн аж.

 

Жүжигчин болох дэврүүн мөрөөдөлтэй охин

Д.Батмөнх өнөр өтгөн  гэр бүлийн нэгэн үндэс нь.  Дорноговь аймгийн  харьяат.  Хүүхдүүд  конкурс өгөхөөр ид бужигнаж байхад жүжигчин болохоор  аавтайгаа Улаанбаатар хотыг зорьж, СУИС-ийн Кино драмын ангид орохоор шалгалт өгөөд гүйж явжээ. Гурван удаагийн шалгалтаа өгөөд гарч ирэхэд нь аав нь халуун цай барьчихсан охиноо хүлээгээд л зогсож байсан гэнэ. Ингэж л охин нь хүсэл мөрөөдлийнхөө эхний шатыг алхаж, аав охин хоёр баяр хөөртэйгөөр зогсож байсан цаг хугацаа бол түүний амьдралын  хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг. Тэрээр “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр  ард түмэндээ танигдсан гавьяат жүжигчин, найруулагч Л.Лхасүрэнгийн алтан шавь нарын нэг юм билээ.   Жүжигчин болох дэврүүн хүсэл мөрөөдөлтэй  12 хүүхэд  нэг ангид оржээ. Тэдний нэг нь  хошин урлагийн хэмээн алдаршсан соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ундармаа.

Сайхан багшийнхаа шавь болж их эрдмээс нь суралцсандаа үргэлж талархаж явдаг хэмээн Д.Батмөнх хэлж байлаа.  Ийнхүү дурсамж дүүрэн  оюутан насны он жилүүд хөвөрч , 1995 онд их сургуулиа төгсөн, түүний амьдрал нэгэн шинэ хуудас бичигдэж эхэлсэн  нь энэ. 

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 68 (7565)