Ц.МЯГМАРБАЯР
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн цэцэрлэг, eрөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны дунд жил бүр “Оны шилдэг илтгэл” шалгаруулах “Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт энэ хичээлийн жилийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ. 21 аймаг нийслэлээс шалгарсан 60 орчим илтгэл хэлэлцэгдэж байна. “Оны шилдэг илтгэл” шалгаруулах үндэсний эрдэм шинжилгээний хурал маргааш Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр хоёр дахь өдрөө үргэлжилж, шилдэг бүтээлүүд шалгарна. Эхний өдрийн шалгаруулалтын үеэр зарим оролцогчдтой ярилцллаа.
Дархан-Уул аймгийн 22 дугаар цэцэрлэгийн багш С.Уранчимэг:
-“Хүүхдийн хөгжлийг дэмжих, үлгэрт суурилсан интеграци” гэсэн сэдвээр манай цэцэрлэг ЭШХ-д оролцлоо. “Үлгэрт суурилсан арга зүй” хөтөлбөрийг өнгөрсөн жилийн хавраас одоог хүртэл манай цэцэрлэг хэрэгжүүлж буй. Манайх цэцэрлэг дээрээ “Том ном” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэл яриа хөгжүүлэх, танин мэдэх, төсөөлөн бодох гэсэн хүүхдийн олон чадварыг хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, номд суурилсан энэ арга зүй нь олон агуулгыг нэг дор хүүхдүүд өгдгөөрөө давуу талтай. Цэцэрлэгийн насны буюу 2-6 насны хүүхдүүдэд уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдүүд өөртөө итгэлтэйгээр бусадтай ярилцаж, бусдын хэлж, ярьж байгааг илүү ойлгож ярилцдаг болсон.
Дорнод аймгийн наймдугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Алтанцэцэг:
-"Манай баг хөгжмийн интеграцид суурилан тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийн ахицыг нэмэгдүүлэх нь” гэсэн сэдвээр ЭШХ-д оролцож байна. Манай цэцэрлэг 2000 оноос тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд тэгш хүртээмжтэй хамруулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Тусгай хэрэгцээтэй хүүхдэд нийгэмшиж хөгжих хэрэгцээ их байдаг. Тодорхой хэлбэл, аутизмтай хүүхдүүдэд хөгжмөөр дамжуулж хэрхэн ойлголцож, хөгжүүлэх вэ гэсэн итгэл тавьсан. Манай цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон хөнгөн нийт 27 хүүхэд суралцдаг. Үүний 17 нь аутизмтай хүүхэд. Эдгээр хүүхдүүд дуу хоолой, харц, биеийн хөдөлгөөн зэргээрээ бидэнтэй илүү харьцдаг. Иймд хөгжмөөр дамжуулж тухайн хүүхдийг хөгжүүлж болно гэсэн ойлголтыг өгөх гэж өнөөдрийн илтгэлээ бэлтгэсэн. Тусгай хэрэгцээт хүүхдүүд өөр өөрийн гэсэн онцлогтой. Онцлогт нь тохируулж хөгжмийн хэмнэлээр зааж сургадаг. Тогтсон нэг арга зүй байна гэж байхгүй. Багшаас маш олон удаагийн давтамж, ажиглалт дээрээс нь тухайн хүүхдэд тохирсон арга зүйг сонгон ажилладаг. Тухайлбал, хүүхдийг өөрт нь тохирсон хөгжмийн зэмсгээр тоглуулснаар нийгэмшүүлэх, өнгө ялгаж сургах, багштайгаа болон бусад хүүхэдтэй харилцуулан сургах гэсэн маш олон давуу талтай.
Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБС-ийн мэдээлэл технологийн багш Д.Алтанхуяг:
⁃ Манай сургуулийн баг математик болон мэдээлэл технологийн боловсрол хоорондоо хэрхэн уялдаж, агуулгын давхцал бий эсэхэд судалгаа хийж өнөөдрийн хуралд оролцож байна. Мэдээлэл технологи нь математик суурьтай. Энэ хоёр уялдахгүй байхын аргагүй. Уг хоёр хичээлийн агуулгыг дунд ангийн хэмжээнд авч үзэхэд, 9 дүгээр ангид үздэг математикийн хичээлийг 8 дугаар ангид агуулгын хүрээнд мэдээлэл зүйн хичээлд давхцуулан уялдуулж заах боломжтой гэж үзсэн. Гэхдээ хөтөлбөрийн ямар нэгэн зөрчил үүсгэхгүйгээр манай сургуулийн туршлагаас үндэслэн гаргаж ирсэн. Тухайн агуулгыг давхцуулж гаргаж ирснээр хүүхдийн суралцахуйд нөлөөлж, нэг хичээл дээр үзсэнээ нөгөө хичээл дээр илүү бататгах давуу талтай. Өөрөөр хэлбэл, олон талаас нь нэг сэдвийг үзэж байгааг хүүхдүүдэд ойлгуулах нь хамгийн чухал.
Эх сурвалж: zms.mn