Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор “Сэтгэлийн хүчээ мэдэр” эдгэрлийн сургалтын төвийн захирал, көүч багш Жаргаа буюу П.Баяржаргалыг урьж, ярилцлаа.

 

“Дан ганц анагаахын шинжлэх ухаанаар яваад хорт хавдар эдгэхгүй”

 

-Таныг их олон хүн зорьж ирэх юм.  Тэдний олонх нь амьдралын ямар нэг асуудалтай. Хүнд, эдгэршгүй өвчний онош сонссон, магадгүй зарим нь яах учраа мэдэхгүй болоод тань дээр ирдэг байх. Харин та тэдгээр хүмүүсийг тайвшруулж, ямар нэгэн гарц гаргалгааг хэлж, зааж  өгдөг.   Эдгэршгүй өвчнийг эдгээсэн байх юм. Ер нь П.Баяржаргал гэж хэн бэ. Таны ямар өгөгдөл хүмүүст хүлээн зөвшөөрөгдөөд байна вэ.  Энэ талаар яриагаа эхэлье?

- Би жирийн нэг эгэл монгол хүн шүү дээ. Эдгэрлийн сургалт явуулж байна.  Тэндээс маань маш их үр дүн гарч, хүмүүс эдгэрч байгаа учраас бараг л тэнгэр дээрээс буугаад ирчихсэн мэтээр зарим хүн боддог.  Би Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн.  Миний аав Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул.  Ээж минь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынх.  Харин би Дундговийн Дэлгэрхангай, Өвөрхангайн Нарийнтээл сумын дунд нь орших Баянгол суманд төрсөн хүн. Миний аав малын эмч байсан. Бага нас минь Баянгол сумын Онгийн голын хөвөөн дээр малын захад өнгөрсөн дөө. Тухайн цаг үед малыг улсын өмч болгож, сум бүрд нэгдэл байгуулж, малын эмч нарыг томилон ажиллуулдаг байлаа. Аав минь илгээлт авч, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд очиж, ажиллаж байхдаа ээжтэй минь танилцсан гэдэг. Тэгээд хоёр нутгийнхаа яг дунд нь болох Баянгол суманд амьдралаа зохиож, есөн хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн эгэл жилийн сайхан гэр бүл байсан юм.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ.  Амьдралын сонирхолтой ч гэмээр зам мөрийг дагах болсон шалтаг, шалтгаан нь юу байв?

-Есөн хүүхэдтэй айлын найм дахь нь би. Намайг 12 настай байхад аав минь бурхны орныг зорьсон.  Ингээд ээж минь “Нутгаа бараадъя” гээд манайх Дундговь аймгийн Дэлгэрхангай сум руу нүүж байлаа.  Аавыгаа алдахаараа хүний дотор хоосроод их сонин болчихдог юм билээ.  Хүүхэд байсан болохоор гэж хэлж болохгүй, би тэр цаг хугацааг их хэцүү үдэж байжээ. Аав минь байхгүй, бас огт танихгүй нутаг оронд нүүж ирээд, сумын төв дээр ээж минь намайг айлд суулгаад, удалгүй сургуулийнхаа дотуур байранд орсон.  Дараа нь гэр бүлээрээ хотод ирж суурьших гэж нэлээд зовлон үзсэн. Аавгүй амьдрал надад их хэцүү хатуу санагдаж, дасаж өгөхгүй санаж гансарсан байдалтай их удсан.  Тэр үеэс л би хүн ер нь яавал аз жаргалтай болдог юм. Тэр нууцыг олъё гэж бодож, ном уншиж эхэлсэн. Эргээд харахад өнөөдрийн миний хийж байгаа үйлсийн эхлэл тэнд тавигджээ гэж боддог. Би тэр үеэс хувь хүний хөгжлийн хоббитой болсон. Яаж, хэрхэн аз жаргалд хүрэх вэ, өөрийгөө хөгжүүлэх вэ, зорилгодоо яаж очих юм бэ, амжилтад хүрсэн хүмүүсийн нууц нь юу вэ гээд уншаагүй ном надад бараг байхгүй. Мөн энэ чиглэлийн сургалтуудад их суудаг болсон. Өөрөөр хэлбэл, би аавыгаа алдаад ер нь хүн өөрөө өөртэйгөө л ажиллах хэрэгтэй юм байна  гэдгийг ойлгож ухаарсан. Дараа нь 2012 онд ээж минь савны хорт хавдраар өвчилсөн. Ээжийгээ эдгээх гэж яваагүй газар бараг байхгүй, маш их явсан. Ингэж явахад өмнө нь миний өөрөө өөртэйгөө, хувь хүнтэй ажиллаж байсан он жилүүдийн туршлага их хэрэг болсон доо.  Ер нь хувь хүний үзэл санаа  хорт хавдар хоёр хоорондоо их холбоотой.  Яагаад гэхээр дан ганц анагаахын шинжлэх ухаанаар яваад хорт хавдар эдгэхгүй.  Зургаан сар наслах байсан бол нэг жил насалж болох үр дүн гарна уу гэхээс эдгэрэх тухай ойлголт бүрхэг.

-Уучлаарай та ээжийгээ аварч чадсан уу?

-Харамсалтай нь чадаагүй, ээж минь бурхан болсон. Таван жилийн хугацаанд анагаахаар явж, сайн гэсэн бүхий л арга хэмжээг авсан ч 2017 онд өөд болсон юм. Би хааяа харамсдаг. Хэрэв өнөөдөр ээж минь хорт хавдрын оноштой миний дэргэд байсан бол би зүгээр л инээнэ.  Инээж байгаад эдгээнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. 

 

“Монгол хүн билиг оюунаараа” гэдэг бол маш их  утга учиртай үг  

 

-Ер нь хүн заавал зовлон үзэж, амьдралын нугачаанд бүдэрч байж ухаарч ойлгож амжилтад хүрдэг юм уу даа.  Амжилтын шалтаг шалтгааныг та юу гэж ойлгодог вэ?
-Миний харж байгаагаар амжилтын нэгдүгээр шалтгаан нь хүн ямар нэгэн сорилтод орж түүнийгээ даван туулсан байдаг. Дэлхийн агуу хүмүүсийн түүхийг харахад ч зовлонтой тулгарч давж гарсан нь олон.  Ер нь зовлон гэдэг хүний дотоодод байгаа даван дийлэх  зориг зүрх галыг асааж байдаг зүйл юм билээ.    Энэ нь хүний амжилтад хүрэх хамгийн эхний өдөөлт болж өгдөг.  Дараа нь юу вэ гэхээр  ихэнх том амжилтад хүрсэн  хүмүүст нэг л зүйл ажиглагддаг.  Тэр нь  бусдын зовлонг шийдэж өгье гэсэн хайрын сэтгэл юм.  Ийм хайрын сэтгэлээр эхэлсэн ажил ирээдүйд амжилт авчирдаг юм байна.  Бусдад сайн сайхныг бүтээж өгье. Асуудал бэрхшээлийг нь шийдье гэсэн хайрын сэтгэлээс томоохон амжилтууд эхэлсэн байх нь олон. Өгөх сэтгэл ч гэж ярьдаг шүү дээ. 


-Хүнийг хайрлах, өгөх сэтгэлтэй, түүгээрээ амжилтад хүрч их үйлсийг бүтээх нэгэн цаанаасаа төрдөг  юм болов уу.  Эсвэл тийм хүмүүсийг нийгэм нь илүү бий болгож байна уу?
-Төрдөг гэж хэлэхэд бас хэцүү. Уг нь хэн ч үүнийг өөртөө бий болгох боломжтой.   Яг үүнийг би өмнө нь бодож байсан л даа. Амжилтад хүрч байгаа, хөрөнгө чинээтэй, сайн сайхан явж байгаа хүмүүст хоёр л боломж байна.  Нэг бол тэр хүмүүс төрж байгаа, эсвэл тэд өөрсдөө тийм болж байгаа. Яг аль нь юм бол.  Хүмүүс төрмөл байдаг юм бол би амжилтад хүрнэ гэдэг худлаа, төрөөгүй. Тэгэхээр хүн өөрсдөө амжилтад хүрч болдог юм болов уу гэсэн асуулт яг намайг аавыгаа алдаад дотогшоогоо их зүйлийг бодож тунгааж байх цаг үед дотроос их гижигддэг байсан. 


-Тэгэхээр хүнийг хайрлах, өгөх сэтгэлтэй  хүн цаанаасаа төрдөг биш харин өөрөө амьдралын явцад тийм сэтгэлтэй болж болдгийг та өөрөөрөө батлаад сууж байгаа юм байна.  Тийм үү?
-Тийм шүү.  Би яг тэгж боддог.  Ер нь энэ талаар монголчууд өөрсдөө хэлчихсэн юм билээ. “Монгол хүн билиг оюунаараа” гэдэг бол маш их учиртай үг.  Билиг оюуныг орчинд үед далд ухамсар гэж ярьж байна. Квант физик, энергийн хууль ч гэж  нэрлэж байгаа. Үүнийг гүнзгийрүүлэн судлаад ирэхлээр далд ухамсраар өнөөдөр хэнийг ч маргааш хэн ч болгож болно.  Квант физикийн шинжлэх ухаан бүх зүйлийг энерги юм байна гэдгийг батлаад гаргаад ирчихсэн. Хувь хүн ч,  хувь хүний амжилт ч энерги юм бол энерги өөрөө байнга хувьсаж өөрчлөгддөг шүү дээ.  Хатуурсан модон энерги, сийрэг энерги, агаар бол бүүр сийрэг энерги гэдгээрээ л ялгаатай.  Тэгэхээр өнөөдөр амжилтгүй байгаа, ядуу байгаа хүн бол ерөөсөө л хатуу модон энергийн түвшинд байгаа юм. Харин хувирал өөрчлөлтөд орсноор маргааш хэн ч болох боломжтой. Энэ бол гарцаагүй үнэн, физикийн хууль.  Тэгэхээр монголчууд өөрсдийнхөө билиг оюун, далд ухамсрыг жаахан ухахад гайхамшиг маш ойрхон байгаа.  Энэ бол шашны номлол биш маш бодитой зүйл. Үүнийг би өөрийн амьдралаар харуулж байгаа. 


- Тэгвэл манай нийгмийн энергийн  төлөв ямар байна вэ.  Хатуу модон байна уу. Сийрэг хувьсамтгай байна уу?
-Монголчууд оюун сэтгэлгээний асар өндөр чадамжтай ард түмэн. Монгол шиг ийм төрөлхийн чадамжтай ген тээж яваа хүмүүс ингэж их стрессдэж, бухимдаж болохгүй.  Тэр стресс бухимдал нь энергийн төвшинг нь модон хатуу төлөвт оруулдаг.  Хүний оюун ухааныг ил ухамсар, далд ухамсар гэж хоёр хуваадаг.  Монголчуудын ил ухамсар таван хувь орчим, далд ухамсар нь 95 хувь байна.  Өнөөдөр хэн ч биш байхаас маргааш агуу нэгэн болох тэр нөөц бололцоог нь далд ухамсар нь агуулж байдаг.  Хүнээс өндөр чадамжийг гарган, өндөр хэмжээнд хувирган өөрчлөх тэр далд ухамсрын түлхүүрүүд шашнуудад, монголчуудад өөрт нь хадгалагдаж байдаг. Заримдаа жаахан нууц байдлаар явж ирсэн.  Энэхүү далд ухамсраа ашиглаж чадвал ноён хутагт Данзанравжаа, өндөр Занабазар шиг агуу нэгэн болж хувирдаг.  Манай Чингис хаан ч гэсэн ялгаагүй шүү дээ.  Далд ухамсар руу нэвтрэх нууц түлхүүрүүд, нууц аргууд үеийн үед хадгалаатай байсаар ирсэн.  Хэдий үүн рүү нэвтрэх арга хол байгаа ч гэлээ бидний эгэл оршихуй маань тэр агуу хүн болох арга руу тодорхой хэмжээнд хөтөлсөөр ирсэн.  Таван хувийн ил ухамсар маань 95 хувийн далд ухамсар луугаа тодорхой хэмжээний мэдээллийг зөөж байдаг.  Гэтэл одоо монголчуудын ил ухамсар дээр байгаа мэдээллүүд нь асар сөрөг, хар бараан, стресстэй мэдээллүүд байна.  Тэгэхээр тэр хүний агуу нэгэн байх далд ухамсар нь хар бараан мэдээллүүдээс болоод бохирдоод байна.  Энэ нь хэн нэгэн далд ухамсраа сэрээж агуу нэгэн болох боломжийг хаагаад байгаа юм. Монголчууд бол сэтгэлгээний агуу өндөр чадамжтай ард түмэн гэдэгтээ хэн ч маргахгүй.  Гэтэл бид ил ухамсар дээрээ стрессдэх тусам далд ухамсар дээр нь маш хортой тусаж байна.  Ер нь  оюун санааны эмзэгшилтэй, эрсдэлтэй ард түмэн юм. Та нар анзаарсан бол зарим гаднынхан гэхэд юу ч хэлж ярьж байсан ойлгохгүй байгаа юм шиг сууж байдаг шүү дээ.  Энэ бол далд ухамсар луугаа сөрөг мэдээлэл зөөж оруулахгүй байгаа нэг хэлбэр. 


-Монголчуудын далд ухамсрыг сэрээхгүй гэсэн бодлого байдаг гэсэн яриа байдаг.  Энэ үнэн болов уу?
-Үүнийг үгүйсгэх аргагүй.  Хэдэн мянган жил ийм бодлого явсан гэдэг яриа бий шүү дээ.  Цагаан сараа ч монголчууд эв найртай тэмдэглэж болохгүй юм даа.  Заавал нэг хэрүүлийн сэдэв гарч ирдэг.  Тэр хэрүүлийг нь өдөөж байгаа хүчин зүйл байгаа болов уу.  Ингэж хоорондоо сөргөөцөлдөж байж, ил ухамсар дээрээ стресс бухимдал нэмснээр тэр далд ухамсрын агуу мэдээлэл нь сэргэхгүй, хүч чадал нь гарч ирэхгүй, унтаа байдалтай ийм л ард түмэн байх ёстой юм шиг байгаа юм.  Хэрэв монголчуудын далд ухамсар нь сэргээд эхлэх юм бол дэлхий дээр цойлоод л гараад ирнэ.  Нөгөө талдаа бид дандаа сөрөг байгаад байна уу гэхээр бас үгүй.    “Даравч далдайна, булавч бултайна” гэдэг шиг сэрж байна.  Гайхамшиг энэ дунд явж л байгаа. Монгол оюун хүний монгол хүний оюун ухаан хэзээ ч басаж болохгүй, аугаа. 

 

“Бусдыг хайрлах сэтгэл агуу амжилт бүтээдэг”

 

-Одоо хоёулаа жаахан энгийн сэдвээр ярилцъя.  Дэлхий ертөнц дээр олон янзын хайр байна.  Тэр дундаас магадгүй өөрийгөө хайрлах хайраас олон зүйл шалтгаалдаг болов уу.  Ер нь өөрийгөө хүн яаж хайрлах ёстой юм? 


- Энэ асуултад хариулахаас өмнө нэг жишээ авч үзье л дээ.  Солонгосын алдарт “Samsung” корпорац яаж үүсэн байгуулагдсан бэ.   Үүсгэн байгуулагч нь анх Японы колоничлолд байсан зовж байгаа, өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмнээ хараад маш их өрөвдсөн.   Эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулаад ч нэмэргүй ард иргэд нь бүүр өлбөрч үхэж байсан.   Тэгээд тэр хүн би ард иргэдээ хоолтой болгохын тулд юу хийж чадах юм бэ гэж сэтгээд бизнесийнхээ үндэс суурийг тавьж байжээ.  Тэр л сэтгэлгээгээрээ бизнесээ хийж явсаар байгаад өөд болохдоо хүртэл “Миний бүтээсэн энэ бүтээлүүд Солонгосын ард түмэнд ашиг тусаа ач тус өгч байвал миний амьдралын зорилго биелсэн шүү” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр энэ корпорац Солонгос улсын нийт төсвийн 35 хувийг бүрдүүлж байгаа. Дэлхий даяар ухаалаг утсаа борлуулж улсаа “тэжээж” байгаа корпорац шүү дээ. Тэгэхээр бусдын төлөө гэсэн хайрын сэтгэл чинь өөрөө ийм агуу амжилтыг бүтээдэг, агуу сэтгэл юм. Энд ганцхан жишээг л би ярилаа. Ер нь амжилтад хүрсэн бусад хүмүүсийн түүхийг харахад ч бусдыг хайрлах сэтгэлээс эхэлсэн байдаг юм шүү дээ.

 
- Ер нь энэ агуу хүмүүс бас дээр ярьсан нөгөө далд ухамсраа сэрээж чадсан гэсэн үг үү?


-Яг үнэн. Далд ухамсрыг сэрээх, тэр агуу хүчийг гаргаж ирж ашиглах нэг түлхүүр нь бусдыг гэсэн хайрын сэтгэл. Чингис хаан ч гэсэн энэ л зарчмаар явсан байдаг.  “Алд бие алжааваас алжаатугай.  Ард түмэн бүү сандруузай” гэж хэлсэн байдаг шүү дээ.  Тэгэхээр хайрын сэтгэл гэдэг нь өөрөө хэн ч биш нэгнийг хэн нэгэн агуу хүн болгох шид нууц, хүчийг агуулж байдаг түлхүүр байдаг юм.  Нэгдүгээрт, мэдээж өрөөлийг хайрлах хайр.  Хоёрдугаарт,  өөрийгөө хайрлах хайр бас нэг түлхүүр нь. Түрүүнд би монголчуудыг агуу сэтгэлгээтэй ард түмэн гэж хэлсэн. Ингэж хэлж байгаагийн нэг учир нь  монголчууд бид нийтлэлээрээ асар нинжин ард түмэн.  Ер нь л бусдад тусалчих гээд байдаг.  Өөрийгөө хаяад л үр хүүхэд минь, ах дүү минь, тэр минь, энэ минь гэж нийгэм төвтэй, бусад төвтэй, бүл төвтэй, гэр бүл төвтэй амьдардаг ард түмэн л дээ.  Энэ нь хайрын сэтгэлийн өгөгдөл илүү өндөр байгааг харуулаад байгаа юм.  Энэ хайрын сэтгэлээ бид зөв залаад чиглүүлээд явах юм бол үнэхээр монголчууд агуу үйл хэргүүдийг цогцлоох өндөр суурь чадамжтай ард түмэн.  Өөрийгөө хайрлахдаа эхлээд өөрийнхөө талаарх бодлуудаа цэгцлэхээс эхэлнэ. Би ямар хүн юм дээ. Юу хийж чадах юм.  Юу хийж чадахгүй юм гэх мэтчилэн өөрийгөө тодорхойлон бодож байгаа бодлуудын нийлбэр цогц чинь далд ухамсартаа нэг мэдээлэл өгнө дөө.   Бодлын бие ч гэж хэлж болох юм. Тэр бодлын бие чинь ямар байна, тэрэн дээрээ та сөрөг бодлын хуримтлалыг үүсгээд л яваад  байвал энэ бол өөрийгөө хайрлахгүй байгаагийн шинж.  Таны нэг том алдаа гэсэн үг.   Хоёрдугаарт, сөрөг биш эерэг бодлоор өөрийгөө цэнэглэж өөрийнхөө тодорхойлсон бодлын биеийг эерэг бодлоор өрдөж өөрийгөө хайрлах нь гэдэг ийм гаргалгаа эндээс гарч ирж байна шүү дээ.  Энэ өөрийгөө хайрлах хоёр дахь зам гэж хэлж болно. Гуравдугаарт, бусдыг гэж байгаа сэтгэл чинь өөрөө маш сайн юм гэдгээ хүн өөртөө шингээж авах хэрэгтэй байна. Дотор чинь байгаа нинжин сэтгэл, хайрын сэтгэл дотор чинь байгаа зөвт хүний тэр мөн чанарууд бол таны жинхэнэ унаган мөн чанар.  Таны жинхэнэ өгөгдөл учраас тэрэндээ итгэлтэй, тэрийгээ өөгшүүлж, огшуулж, тэрүүгээрээ омогшиж, талархаж, тэрийгээ хүлээж авна. Энэ бол өөрөө өөрийгөө хайрлах гурав дахь алхам гэж хэлж болно.  Ингэж бид нар өөрийн мөн чанараасаа, сэтгэлээсээ, сүнснээсээ өөрийгөө таньж мэдэж, өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлах хайраар омогшиж оршихгүй юм болбол өөр хэнээр хаагуур, юугаар оршиж, юу бүтээх вэ.  Хаашаа явах вэ гэдэг чинь асар ийм эргэлзээтэй будилаантай асуудал болж хувирна. 


-Байгаль дэлхийн энэ хувьсан өөрчлөгдөж байгаа байдал хүний сэтгэл зүй, эдгэрэл болоод магадгүй далд ухамсарт яаж нөлөөлдөг юм? 


-Үнэхээр байгаль цаг уурын нөхцөл байдал хүний сэтгэлгээнд, далд ухамсарт ч гэсэн нөлөөлж л байгаа. Яг чухам яаж нөлөөлдгийг бол сайн мэдэхгүй байна. Монголчуудын  сэтгэлгээний өндөр чадамжтай байдалд байгаль, цаг уурын орчин нөхцөл тодорхой хэмжээнд нөлөөлж ирсэн.  Олон мянган жил эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд амьдарсан өвөрмөц генийг бид бүтээж чадаж байгаа.  Нүүдлийн соёл иргэншил бидний хоол хүнс гээд ондооших зүйл олон байгаа нь өөрөө гайхамшиг юм даа. 

 

“Нийгэм сөрөг мэдээллийн донтолттой болж байгаа нь аймшигтай”

 

-Уучлаарай, та дээр бид хар бараан мэдээллээр далд ухамсраа бохирдуулж байна гэж хэлсэн.  Үүнээс ангид байх арга зам нь юу вэ. Одоо олон нийтийн сүлжээнд эерэг сайхан мэдээлэл бараг байхгүй боллоо?


- Миний нэг эмзэглэж байгаа асуудал энэ л дээ. Манай нийгэм тэр чигээрээ улс төрөөс хамаарч байна. Харин улс төр нь өөрсдөө нийгмээ талцуулж, хагаралдуулж, хэрэлдүүлж, стрессдүүлж байгаад ар хударгаар нь өөрсдийнхөө эрх ашгийг хангах, хамгаалах тоглолтуудыг хийж авдаг. Ийм бүхэл бүтэн аргачлал руу нийгэм маань яваад орчихсон. Энэ нь өөрөө ард түмний мэдрэлээр нь тоглож байна шүү дээ. Энэ олон талцал хуваагдал стрессийн  ард ердөө нэг хоёр хүний тоглоом л байдаг. Үнэхээр үүнд би маш их эмзэглэж байна. Монголчуудын сэтгэлгээний чадамжийг ашиглахын оронд эсрэгээрээ хорлох тоглолтууд их хийж байна.  Эндээс ашиг хийдэг болчхож. Эндээс улс төр хийдэг болчхож. Эндээс мөнгө олдог болчхож. Тэгээд нийтээрээ массаараа сөрөг мэдээнд дуртай болчхож. Эерэг мэдээ болохоор явахгүй.  Бараг сөрөг мэдээллийн донтолттой болчхоод байгаа. Энэ бол аймшигтай. Сэтгэл гэдэг чинь махан бие болоод оюун санааны бие махбодоос бүрдэж байна.  Оюун санааны бие бохирдохын хэрээр махан бие нь бохирддог.  Оюун санааны бие нь стрессдэж, бухимдаж зовохын хэрээр махан бие хямарч байдаг. Арга билиг хоёр л доо.  Тэгээд оюун санааны бие нь ингэж доройтож дордохын хэрээр ахуй нь,  амьдрал нь, тархи, ухамсар  гээд бүх юм нь доройтно шүү дээ. Гэтэл оюун санааны бие махбодоо ерөөсөө ойшоож авч үзэхгүй юм.  Урт хугацаандаа бид ямар нийгэм бүтээгээд байна.  Аймшигтай хорлолтой нийгэм бий болох эрсдэл асар өндөр болчхоод байгаа.  Ер нь гомдол хураагдах тусам хүний бие махбодод нөлөөлж эхэлдэг. Сэтгэл санаа таагүй явах нь бие махбодод хүчтэй нөлөөлж, өвчин үүсгэдэг. Яг үнэндээ сэтгэл санаа эрүүл мэндэд нөлөөлж буй энэ асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авах цаг болсон. Төрийн албан хаагч, эмч, багш нар үргэлж, эцэг эх, үйлчлүүлэгч нарын уур бухимдалтай нүүр тулдаг. Төрийн өндөрлөгүүд, засагт уурласан уураа зүгээр ажлаа хийгээд сууж буй төрийн албан хаагчид гаргадаг хүмүүс олон. Үүний улмаас тэнд бас нэг хүн гомдоно, сэтгэл нь тавгүй болно, уурлана. Уураа гэртээ очоод гэр бүлийнхэндээ гаргана. Энэ зарчмаар сэтгэл санааны тавгүй байдал халдварлаад байна. 


-Хорт хавдраар оношлогдож байгаа хүн олон байна. Нэгэнт ийм хүнд хэцүү онош сонссон бол энэ өвчнийг яаж даван туулах вэ, яаж эдгэрэх вэ?


-Аливаа өвчин эхлээд оюун санааны бие дээр бий болдог.  Тэгээд тэр нь ургаад бие мах бодь дээр гарч ирж байгааг нь бид өвчин гээд байгаа юм.  Хавдар ч ялгаагүй муу сэтгэлийн төлөв байдлаар бий болно. Гомдлоор, уур хилэнгээр, стресс бухимдлаар, үйлийн үрээр, үзэн ядалтаар, айдас хүйдсээр,  түгшүүрийн мэдрэмжүүдээр гээд эхлээд сэтгэлийн  бие дээр бий болдог гэсэн үг. Тэгээд дараа нь махан бие дээр ургаж товойж гарч ирнэ. Үүнийг шинжлэх ухаан ч тэр, шашинд ч тэр баталчихсан.  Одоо энэ чиглэлийн судалгаа шинжилгээ рүү дэлхийн эрдэмтэн судлаачид хошуурч байна.  Үйлийн үр гэдэг нь бидний хийж байгаа үйлдлүүд бүгд үр дагавартай гэдгийг илэрхийлээд байгаа юм. Үйлийн үрийг нэг тийм аймшгийн юм шиг битгий ойлго. Тийм биш. Сайн үйлийн үр ч байна. Бүхий л үйлдлийн араас дагаж явдаг нөлөөг үйлийн үр гээд нэрлэчихсэн.  Бас байгалийн жам гэж манайхан хэлдэг шүү дээ.  Тэгвэл энэ байгалийн жам ёсны хуулийг өвчнөө эдгээхэд ашиглаж болох юм аа гэдгийг л бий заадаг, зөвлөдөг.  Үйлдлийг бид юугаар хийдэг юм.  Нэгдүгээрт биеэрээ, хоёрдугаарт үг хэлээрээ.  Гуравдугаарт,  бодол санаагаараа үйлдэл хийдэг. Энэ гурван зүйлээр хийж байгаа үйлдэл болгон үр дагавартай гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бодол санаагаараа бид юун  дээр төвлөрөөд байвал тэр бодол санааны үр дагаварт өвчин эдгэх юм  гэдэг тэр байгалийн хуулийг үйлийн үрийн хуулийг өвчнөө эдгээхэд ашиглах ийм аргачлал маш зөв байна гэдгийг би батлаад явж байна.  Би ярилцлагын эхэнд ээжийгээ хорт хавдраар алдсан тухай ярьсан. Тэр үед зөвхөн анагаахын шинжлэх  ухаанд итгэсэн нь миний хамгийн том алдаа байлаа. Гэтэл эмнэлэг тэр хүний зөвхөн махан бие дээр нь ажиллаж байгаа.  Махан дээр ургаад гараад ирсэн өвчнийг нь тайрч авлаа.  Шарлага хийлээ, хими хийлээ, туяа хийлээ ингээд хэсэг хугацаа өгдөг. Гэтэл тэрийг цаанаас нь ургуулаад, тэр өвчнийг бүтээгээд байгаа нэг “нөхөр” байна шүү дээ. Тийм үү.  Түүнийг сэтгэл, оюун ухаан, ухамсраараа “удирдаж” болдог юм шүү гэдгийг бид хэлээд байгаа. Өвчнөө эдгээх боломж нь тэнд байгаад байдаг. Ер нь зовлон гэдэг зөвхөн ахуй нөхцөлөөс бус, сэтгэл санаанаас мөн хамаардаг. Сэтгэл санаа сайхан бол бие махбод ч эрүүл. Анагаах ухаанд зөвхөн сэтгэл санаагаар эдгэрдэг өвчин ч гэж байна. Жишээ нь нойргүйдэл. Хүчээр цохиод л унтуулдаггүй юм бол шийдэж чадах анагаах ухаан байхгүй. Бүх өвчинд сэтгэл санааны нөлөө байдаг. Эмч нар сэтгэл санаагаа тайван байлга гэж хэлдэг ч яаж гэдгийг хэлдэггүй, мэддэггүй. Энэ л бидэнд дутагдаж байна. Хүний сэтгэл санаа эрүүл мэнд, аз жаргал, амжилт бүтээлд нөлөөлдөг бөгөөд энэ тэнцвэрийг бид алдаж болохгүй.


-Гэхдээ яг хүнд ингэж итгүүлнэ гэдэг амаргүй байх л даа.  Хүмүүсийн ихэнх нь болохгүй бүтэхгүй гэх талаас нь хараад байдаг?


- Үүнд хүний ухамсарыг сэрээх нь хамгийн чухал. Хүн анзаарах чадвартай байх хэрэгтэй. Гэхдээ бусдыг биш .өөрийнхөө бодлыг ажиглаж анзаарах чадвар гэсэн үг.  Дотогшоогоо хандана гэсэн үг.  Өөрийнхөө бодол оюун санаан дээр юу болоод байна гэдгээ ажиглаж анзаарч эхлэхээр эдгэрэл эхэлнэ.  Энэ мөчийг ухамсрын сэрэлт гээд байгаа юм. Тэгэхээр энэ чадамж сэрж байж хүн өөрөө өөрийгөө анзаарч хараад өөрийгөө хөгжүүлээд ариусгаад явах ийм боломж нөхцөл бүрдэж эхэлнэ.  Ингэж чадахгүй бол хүн бүх зүйл дээр бусдыг буруутгасаар байгаад л дуусна даа.  

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 66 (7563)