Б.Нандин

Их Британийн хаан III Чарльз хорт хавдрын эсрэг эмчилгээгээ эхэлснээс хойшхи анхны гадаад айлчлалаа эхлүүллээ. Тэрээр гэргий хатан Камиллагийн хамт даваа гарагт Италид хүрэлцэн иржээ. Хосууд гэрлэлтийнхээ 20 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд Италийн үзэсгэлэнт цэцэрлэгт шинэ дурсгалын зураг татуулснаа олон нийтэд хуваалцжээ.

Хаан Чарльз улс орныхоо шашны тэргүүний хувиар Католик шашны тэргүүн пап лам Францистэй уулзах байсан ч Ромын папын эрүүл мэндийн шалтгаанаас болж уулзалтыг цуцалжээ.

Чарльз, Камилла нар мягмар гарагт Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай уулзаж, Колизейд зочлохоор төлөвлөж байна. Мөн хаан, хатан хоёр лхагва гарагт Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонитой уулзах бөгөөд Чарльз хаан парламентад үг хэлэх юм. Ингэснээр тэрээр талийн парламентын нэгдсэн хуралдаанд үг хэлсэн Британийн анхны хаан болох юм. Харин пүрэв гарагт Италийн зүүн хойд нутгийн Эмилиа-Романья мужийн Равенна хотод Дэлхийн II дайны дараа хотыг нацистын эзлэн түрэмгийллээс чөлөөлсний 80 жилийн ойд зориулсан ёслолд оролцох ажээ.