С.УРТНАСАН

 

Найрамдлын бэлгэдэл Дархан- Уул хот хаврын урьтай хаяа зэрэгцэн налайсаар. “Зууны мэдээ” сонины сурвалжлах баг энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийнхаа эрхэм зочноор хүүхдийн гэх тодотголтой “Өлгий” брэндийг өвлөн хөгжүүлэгч Ц.Батсүрэнг урьсан юм. Түүнтэй ярилцан суухдаа тунчиг амар тайвныг мэдрэв. Ийм нэгэн хүмүүний амьдралын олон хуудсыг эргүүлэн сөхөж та бүхэндээ хүргэж байна.  

“Гуч гаруй жилийн өмнө ах эгч дүүс гэр бүлийн шинэхэн гишүүнээ хүлээж авах баярт мөчид ээжийн минь сэтгэлд нийцэн өлгий олдохгүй их л сандарч байсан гэдэг. Нэхийд ажилладаг байсан түүний хувьд Өлгий бэлтгэж оёж эхэлсэн нь өнөөдрийн “Өлгий” дэлгүүр үүсгэн байгуулагдах үндэс суурийг тавьсан юм” гэж бидний халуун яриа эхэллээ.

 

Бидний гэр бүлийн бизнесийн гараа таван хурууны бээлий байв

 

Цааш нааш холхин ярихаас бусдад завгүй энэ эмэгтэйг Цагааны Батсүрэн гэдэг. Тэрээр 1974 онд Дархан-Уул аймагт айлын гурав дахь охин болж мэндэлсэн. Түүний аав алсын хязгаар Ховд аймгийнх, ээж нь хээрийн хүрэн хөрсөөр хучигдсан Булган аймгийн хүн гэнэ. Аавыг нь эмнэлэгт хэвтэх үед ээж нь сувилагч байснаар тэд танилцаж гэр бүл болсноор Дархан аймагт ирж суурьшжээ. Аав минь Дархан- Уул аймгийн тулгын чулууг тавилцсан хүн. Ээж аавтай гэр бүл болсны дараа Нэхийд ажилчнаар орж олон жил цехийн дарга хийсэн. Тэр үед зах зээл гарч ээж минь хоршоо холбоотой болъё гээд таван хурууны нэхий бээлийний цехийг санаачлан гаргаж ирсэн. Гарааны бизнесээ таван хурууны бизнесээр эхэлсэн.

 

Өөрийн хөгжүүлсэн бизнесийг ээж минь надад өвлүүлсэн

 

Тухайн үед олон хүүхэд дараалан төрсөн нь ах эгч бид нар юм. Ээж тэр үеийг өлгийгүй байсан гэж ярьдаг. Өөрөө өлгий оёж тийм дэлгүүртэй болохыг ээж минь санаачилсан. Оёдлын үйлдвэртэй болсон юм чинь түүнийгээ давхар зарж борлуулах дэлгүүртэй болох талаар бодсон хэрэг л дээ. “Өлгий” дэлгүүр байгуулагдаад 25 жил болж байна. Дэлгүүрийн 20-30 жилийн ой болоход ээж минь надад өөрийн бизнесээ өвлүүлсэн. Тэр үед нь би Мандах их сургуульд компьютерын багшаар ажилладаг байлаа.Тэр үед “Энэ бол гэр бүлийн бизнес миний охин хөгжүүл” гэж хэлсэн. Би өөрөө оёхгүй ч гэсэн олон жил хатгамлын машинтай ойр байсан учраас бага зэргийн авьяас сонирхол байдаг байлаа. Мөн манай охин дизайнер мэргэжилтэй. Би багш учраас ажил ихтэй хоёр охин минь өвөө эмээ дээрээ өссөн. Намайг бодвол охин минь зурах оёж шидэх авьяастай болохоор охиндоо гэр бүлийн бизнесээ хадгалан үлдэж байгаа юм.

 

Бид шинээр төрсөн багачуудад бэлэг болгож өлгий өгдөг

 

“Өлгий” дэлгүүрийнхэн хорвоод мэндэлж буй бяцхан иргэд дээ зориулан монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн нярайн дом бүхий бяцхан бэлгийг өлгий авсан хүн бүрд бэлэглэдэг. Төрөх тасагт байгаа шинэ хүндээ очихоор догдлох аавуудын ажилд тусалж энэ бяцхан бэлгийг бэлддэг. Хүмүүсийн сэтгэлд ч нийцтэй байдаг. Өлгий дэлгүүрийнхэн нөөц боломждоо тулгуурлан эх нярайд хэрэгтэй бүхнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ, цэцэрлэгийн нэг цэгийн үйлчилгээг байгуулан ажиллаж байгаа. 2005 оноос хойш Дарханы цэцэрлэгийн хүүхдүүд өлгий дэлгүүрээс гарын алчуур таних тэмдгээс эхлээд хөнжил гудасны углаа гээд цэцэрлэгт орох бэлтгэлээ хангадаг болсон.

Миний аав Олхонууд овгийн Самбуугийн Цагаан Ховд аймгийн Дарви сумын уугуул 1961 онд Ардын цэргийн албанд татагдаж ирээдүйн улсын II хот болох Дархан хотын тулгын чулууг тавилцаж явсан түүхтэй. Армиас халагдахдаа МАХН-ын уриалга МХЗЭ-ийн илгээлтээр Цахилгаан станцад өөрийн хүсэлтээр зуухны машинистын мэргэжил эзэмшин нөхдийн хамт станцын зуухны галыг асаалцсан анхдагч нэгэн. Станцын ажил мэргэжлийн аваргаар найман удаа шалгарч ШБОС-10-ыг гаргаж нэвтрүүлсэн. Дулааны шугам технологийн засварчин мэргэжил эзэмшсэн. Өөрийн мэргэжилдээ 10 гаруй ажилчин дагалдуулан сургаж байсан гэдэг. Аавд улсаас олон удаа батламж, сайшаалын бичиг зэргийг олгож байлаа. “Уран Тэнгис” ХХК хувийн хэвшлийн компани учир Аж ахуй нэгж байгуулах, өргөтгөх, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх, нэмэгдүүлэх сайжруулах энэ бүхэнд гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо тусламж, дэмжлэгээр бүхнийг шийдвэрлэдэг хамтын бүтээл. Аавын минь оролцоо ч гэр бүлийн бизнест их байв.

 

Хүүхдийн анхны хувцас учраас хайраа шингээж урладаг

Өлгийг бид хүүхэд бүрийн эхний хувцсыг хийж байгаа гэдэг утгаар хайраа шингээж урладаг. Энэ нь ч бахархалтай сайхан санагддаг. Хүнд энерги гэж байдаг. Би өөрөө хүүхдүүдтэй ажилладаг багш хүн болохоор энергиэр эрчимжиж ажилладаг гэж боддог. Хүүхдэдээ өлгий авахаар үргэлж баярлаж инээмсэглэсэн, догдолсон хүмүүс орж ирдэг. Дандаа баяр хөөртэй хүмүүс орж ирж байгаа нь сайхан санагддаг. Би өөрөө хоёр хөөрхөн охинтой. Миний том охин “Гоёл Кашмер” ХХК менежер хийдэг. Том охин маань зурах бүтээх чадвар сайтай үүнийг удамтай холбоотой гэж хараад байгаа. Өвөө эмээ нь хоёулаа гарын дүүтэй хүмүүс учраас хажууд нь харж өсөхөөс гадна төрмөл авьяас заяаж дээ гэж бодож охиноороо бахархдаг. Бидний гэр бүлийн бизнесийг үргэлжлүүлэн авч явах хүн миний охин.

 

Би өөрийгөө хоёр янзаар аз жаргалтай болгодог

 

Дэлгүүрээ ажиллуулахын хажуугаар мэргэжлээрээ багшилж байна. Багшлах, зааж сургах, зөвлөх гэдэг зүйл миний цусанд байдаг юм болов уу гэж бодох болсон. Өөрийн дуртай сонирхолтой зүйлээ хийгээд хэчнээн завгүй байсан ч багш мэргэжлээрээ ажиллахгүй бол миний сэтгэл муухай байдаг. Хүүхдүүд их хөөрхөн цагаахан ертөнцтэй энерги нь сайхан болохоор бага насны хүүхдүүдтэй харьцах нь надад гоё байдаг ч байж мэдэх юм. Ээж аавын минь надад өгсөн нэрийг Батсүрэн гэдэг боловч багачуудад өхөөрдөж намайг Укаанаа багш гэдэг юм.

 

Оёдлыг оёдлын машин зарахаас нь эхэлж сурсан

 

Би өөрийгөө жоохон бүдүүн баараг хүн бодоод байдаг юм. Учир юу вэ гэхээр оёдлыг оёхоос биш оёдлын машин зарж, заримдаа бүр засаж ийм тойруу байдлаар дөхсөөр байж оёж сурсан. Анх оёдлын машиныг зарж эхлэхэд эмэгтэйчүүд зээлээр авах сонирхол ихтэй байсан юм. Тэгээд нэг газартай хамтран зээлээр зарж эхэлсэн тэр хугацаандаа нөгөө машинаа янз бүрээр шалгаж үзэх явцдаа цахилгаан педаль дээр нь гишгээд оёод сурчихсан юм. Багш хүн болохоор ч тэр юм уу. Ахалж удирдаж байгаа хүмүүсээсээ илүү чадварлаг байж тэдэнд зөв шаардлага тавьж хариуцлагатай ажиллана гэсэн нэг зарчим надад байдаг.

 

Холоос гэрлэсэн хоёрын дундаас оюунлаг хүмүүс төрж дээ

Охин Ц.Батсүрэнд “Өлгий” дэлгүүрээ өвлүүлэн өгч буй.

“Баян балчир” нь олон ажилчидтай байсан.1989 онд таван хурууны бээлий хийдэг байсан юм. Аав ээж минь бага балчир наснаас хүн өөрт байдаг сайхан сэтгэлээр бусдад хандаж байвал, хариу нь буцаж ирэхдээ үржигддэг гэдгийн адилаар сургамжилж өсгөсөн. Аав ээжийн хүүхдүүд ер нь программист мэргэжилтэй тооны хүмүүс байдаг. Манай нэг охин дизайнер нөгөө нь нягтлан бодогч гээд өөр салбарынх. Манайхаас Япон, Бельги рүү их хүүхдийн өлгийг захиалдаг. Гадаадад байгаа Дарханы гаралтай хүмүүс нэлээд захиалга өгдөг. Энэ чинь л чанарыг ямар түвшинд байлгаж байгааг харуулж байна гэж боддог. Өлгий брэндийнхэн өөрсдийн санаачилгаар хүннү захтай хүүхдийн баривч хийж эхэлсэн. Удаан хугацаанд ажиллаад ирэхээр хэний хүүхдэд юу хэрэгтэй гэдгийг мэдрээд өөрсдөөс янз бүрийн санаа гараад ирдэг гэж Батсүрэн маань ярьж байлаа.

Өөрийн дэлгүүрийг бага охин доо өвлүүлэх болохоор тэр хүртэл нэр төртэй авч явна гэдэг нь миний үүрэг болж байна. Зах зээлийн хувьд юм хөгжөөд илүү хялбараар хэрэгцээгээ хангах боломж түгээмэл болсон. Жишээ нь онлайн шоп ажиллуулах ч юм уу тийм ээ. Манай ээжийн үед монопол дэлүүр байлаа. Хүн өөрөө юу хийх вэ гэдгээ сэтгэж хүний хүүхдэд зориулан хийж байгаа зүйлээ өөрийн хүүхдэд хийж байгаа юм шиг нэг л сэтгэлээр ханддаг учраас манай дэлгүүр байнгын үйлчлүүлэгчид олонтой байдаг байх.

 

Хувцас үйлдвэрлэлд хүмүүсийн эрэлт нөлөөтэй

 

Манайх өлгий үйлдвэрлэхээс гадна цэцэрлэгийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. Дархан- Уул аймгийн хэмжээнд байгаа цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн хөвөнтэй хөнжил, ор хөнжлийн даавуу, цахилгаан болон халаастай уут гээд энэ бүхнийг дэлгүүрийнхээ хоёр давхарт үйлдвэрлэдэг. Ачааллын үе нь цэцэрлэг орох 8-10 сар байдаг. Анх аав ээжийн минь дэлгүүр зай талбай давчуухан байлаа. Олон жил үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид маань өргөжиж тэлээд өөрчлөгдсөн байна илүү сайхан болжээ гэж магтаж урамшуулсаар л байна даа. Манайх ачаалал ихтэй үедээ ажиллуулдаг эрэгтэй эмэгтэй хоёр оёдолчинтой. Би өөрөө оёж шидээд байхгүй ч эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд хатгамлынхаа машины программыг өөрөө хийдэг.

2009 онд өвөл зуны ажлын хувцас хэрэглэлд албан байгууллага аж ахуйн нэгжийн нэгжийн онцлогийг харуулсан лого, хаяг, эмблем хатгамлаар оёх үйлдвэрлэлийн зориулалттай Уран хатгамлын суурь машиныг ашиглалтад оруулан үйлчилж эхэлжээ. Мөн орон нутгийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих “Нэхий” ХК хэрэглэгчдийн хооронд найдвартай гүүр нь болж гэрээт борлуулагчаар ажиллаж үйлдвэрлэлийн үнээр нь хөдөлмөрчдөд борлуулж байжээ.

“Уран Тэнгис” ХХК үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг угтаж  20 бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж тохижилт, соёлжилт, ажил үйлчилгээний чанарыг сайжруулан ажилласнаар хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг хамт олон, Lady Enterprenuer-ээс Тэргүүний бизнес эрхлэгч хамт олон болж төвийн бүсийн үзэсгэлэн яармагаас шинэ бүтээл санаачилга гаргагч хамт олноор шалгарсан амжилтаар 20 жилийнхээ ойг угтаж байсан талаараа Батсүрэн гуай дурсан ярилаа. Хөдөлмөр л хүнийг бүтээдэг мэт. Ээж анхнаасаа л оёх дуртай байсан санагддаг. Эгч бид хоёрыг жоохон байхад даашинз оёж өмсгөөд загварын тайзан дээр тогос цаашаа ганган амьтан болгоод алхуулдаг байлаа.

Миний ахыг Ц.Баттогтох гэдэг бас л тооны хүн. Тэрээр улсдаа толгой цохидог эрдэм мэдлэгтэй нэгэн байлаа. Бага ангийн сурагчдад зориулан боловсруулж байсан дасгал ажлын номоо хэвлүүлж чадалгүй бурхны орныг зорьсон. 3-4 сарын хугацаанд ахынхаа ном дээр ажиллаж ганц хоёрхон хоногийн өмнө хэвлэлтээс гаргаад худалдаалж байна. Гэр бүлийн гишүүдийн оролцоо үүн дээр их байлаа. Ээж гэрийн бараа хардаггүй завгүй учраас аав маань л бүх юмсыг нягт нямбай хийлгэхээр чармайдаг байсан. Ихэнх үед өөрөө хийчихдэг байсан.

Өөрийгөө сэтгэл хөдлөл өндөртэй хүн гэж боддог. Баярлаж гомдож туних минь хүртэл хурдан хүүхэд шиг ааштай гэх юм уу даа. Бид хэн нэгнийхээ хүүхдэд хэзээ ч тэгэх ингэх ёстой гэж хатуурхдаггүй сайн ярилцдаг. Бүгд л нэгнээсээ суралцдаг, харилцан хайрлаж хүндлэлцдэг хүмүүс болоод өсчихдөг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 58 (7555)