Б.ЖАВХЛАН
Сүүлийн үед хуурамч чат, пост зохиож, түүгээр гэмт хэрэгт холбох, гүтгэх явдал нэмэгдэж буйтай холбоотойгоор Ц.Монгол хуульчтай ярилцлаа.
-Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд саяхан телевизийн ярилцлагад орохдоо “Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын харьцсан гэх тэр вайбэр чат бол хуурамч нотлох баримт биш. Хэрэг олон жилийн турш шалгагдаж байгаа. Компьютерээс үүнийг олж авах үед тал талын төлөөлөл байсан” гэж ярьсан. Та энэ талаар юу хэлэх вэ?
-П.Цагаан, Ц.Элбэгдорж нарын хоорондоо харилцсан гэх вайбэр чатны эвлүүлэг хуурамч бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй, зохиомол баримт гэдгийг бид нотолсон. ЦЕГ-аас энэ чатны зургийг олон нийтэд түгээсэн нь хууль зөрчсөн, бусдын нэр төрд халдсан хэрэг гэж үзэж байна. Чатыг олж авах үед тухайн төхөөрөмжийн эзэмшигч этгээд нь өөрөө байгаагүй, өөрийг нь байлцуулаагүй бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Ер нь үзлэгийг тухайн цахимаар харилцсан этгээдүүдийн анхны эх сурвалжид хийдэг болохоос, өөр хэн нэгний цахим төхөөрөмжид байгаа хуулбарт хийх ёсгүй. Бид энэ асуудлыг шалгуулахаар ЦЕГ-ын даргад хандсан ч өргөдлийг дотоод хяналт, аюулгүй байдлын газарт биш Эрүүгийн цагдаагийн газарт буюу гомдол гаргасан байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн нь хууль, журмаа зөрчиж байгаа хэрэг.
-Т.Сүхболд дарга цагдаагийн байгууллага ийм хуурамч баримт үйлдэх шаардлагагүй гэсэн шүү дээ?
-Бид цагдаагийн байгууллага ийм хуурамч баримт үйлдсэн гэж хэлээгүй. Харин ийм хуурамч нотлох баримт хэн үйлдсэнийг тогтоож, хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм. Хууль сахиулах үүрэгтэй хүмүүс ийм баримт үйлдээгүй гэдгийг бид мэдэж байна.
-Цагдаагийнхан эзнийг нь байлцуулж байгаад компьютерт үзлэг хийсэн гэсэн. Худлаа юм уу?
-Аливаа этгээдийн эд зүйлд үзлэг хийхдээ өөрийг нь заавал байлцуулах хуулийн заалттай, эсвэл нууцлалыг хадгалах арга хэмжээ авсны үндсэн дээр дараа нь үзлэг хийх байтал мөрдөгчид 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр компанийн бүх нөүтбүүк, компьютеруудынх нь нэвтрэх нууц үгийг бичүүлж, дээр нь наалгаж хурааж аваад явсан учраас тухайн эд зүйлийн нууцлал алдагдсан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хураан авсан нууцлал бүхий системүүдэд хөндлөнгийн хэн ч нэвтрэх, мэдээлэл нэмэх, устгах, засах боломжтой болж, нууцлал алдагдсан. Эдгээр системүүдийн ихэнх нь интернэтэд холбогдох боломжгүй, хамгаалалттай байсан тул хуурамч чатыг ямар этгээд хэзээ хэрхэн оруулсныг тогтоох бүрэн боломжтой.
-Вайбэр чат хуурамч гэдгийг яаж тогтоож байгаа юм бэ? Мэргэжлийн байгууллага тогтоосон юм уу?
-Энэ вайбэр чат гэх зохиомол эвлүүлгийн зургийг цагдаагийнхан мэдээлэхэд олон нийт бодитой гэж хүлээж аваагүй, харваас илтэд алдаатай, эвлүүлэг болох нь тодорхой байсан тул хүмүүс маш их шүүмжилж, залуус янз бүрийн эвлүүлэг хийж цацан эгдүүцлээ илэрхийлж байсан. Хэн ч харсан хуурамч байхаар илэрхий шинж тэмдгүүд бүхий энэ чатыг хуурамч гэдгийг хуулийн байгууллага албан ёсоор тогтоож, хуурамчаар үйлдсэн этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Уг хуурамч вайбэр чатыг шалгуулахаар цагдаа, прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад хандсан боловч тусыг ололгүй олон сарын нүүр үзэж байна.
Эцэст нь бид мэргэжлийн байгууллагад хандсан. Сингапур улсын мэдээллийн технологийн шүүх шинжилгээний “Инфинити Форенсик” компаниар уг вайбер чатын зургийг шинжлүүлж, хийсэн дүгнэлтийг Та бүхэнд толилуулья. Үүнд:
1.Скриншотын бичилт нь iPhone гар утасны товчлуур, бүтэцтэй тохирч байна.
2.Эхний скриншотын дэлгэцийн зүүн дээд буланд 86 гэсэн дугаар байна. Энэ дугаар нь мессеж үргэлжилж байхад өөрчлөгддөггүй. Гэтэл хоёр дахь скриншотын чат 89 гэсэн дугаартай байгаа нь нэг чатын үргэлжлэл биш болохыг харуулж байна.
3.Хоёр дахь скриншотын текст болон мессеж бичих цонхны хооронд том хоосон зай үлдсэн байна. Чат үргэлжилж байгаа үед, текст болон бичих цонхны хооронд тийм том зай үүсдэггүй. Зарим бичвэрээ устгасан ч тийм зай үлддэггүй. Хоёр дахь скриншот дээр чатыг өөр гар утсан дээр шинээр эхэлж бичсэн байна. Шинээр эхэлсэн тохиолдолд л тийм том зай үлддэг.
4.Чатаар харилцагчдын нэрсийг харуулсан ч харилцсан он, сар, өдөр, утасны дугаар зэрэг мэдээлэлгүй байна.
5.Вайбэрийн программ дээр харилцагчдын профайл буюу нэр, зургийг өөр хүний нэр, зургаар солих боломжтой болно гэж тогтоосон байна. Нэмж хэлэхэд, эхний дэлгэцэн дэх чатын сүүлийн өгүүлбэр нь хоёр дахь дэлгэц дээр давхардсан байгаа нь хуурамч чат үйлдсэн хүмүүс үргэлжилсэн нэг чат мэтээр харагдуулахыг хичээсэн холбоотой.

-Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандсан юм уу?
-Тийм ээ. Иргэн П.Цагаан хуурамч чат болон үндэслэлгүй нотлох баримтаар гэр бүл, компанийг нь буруутгаж буй асуудлыг шалгуулахаар Ерөнхий прокурорт хандсан. Эдгээр хуурамч нотлох баримт, худал гүтгэлэгт тулгуурласан зохиомол хэрэг нь түүний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хохироож байгаа юм. Вайбэр чат хуурамч гэдгийг олон улсын шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлтэд үндэслэн Ерөнхий прокурорт хандсан. Өмгөөлөгчийн хувьд УИХ-ын хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий Прокурорт хандсан ба УЕП-ын газраас хуурамч чаттай холбогдох ноцтой асуудлыг шалгах үүргийг нийслэлийн Прокурорын газарт өгсөн.
-Энэ хуурамч чатны улмаас ямар хор уршиг үүсэж болох вэ?
-Хуурамч чат зохиох нь эрүүгийн гэмт хэрэг. Бусдын нэр төр, алдар хүндэд халдах, гэмт хэрэгт холбогдуулж ял оноох хүртэл сөрөг үр дагавартай. Ийм төрлийн гэмт хэргийн золиосонд Ерөнхий сайдаас эхлээд жирийн иргэн ч өртөх аюултай. Энэ тохиолдолд хэн нэгэн этгээд П.Цагааныг Ц.Элбэгдоржтой холбоотой мэтээр зохиомол агуулга үүсгэж, эрүүгийн хэрэгт холбогдуулах зорилготой байсан нь харагдаж байна. Хатуухан хэлэхэд, 1937 онд шүүхгүйгээр цаазалдаг, хорьдог байсан бол 2024 онд Ардчилсан Монгол Улсад шүүхгүйгээр гэм буруутай гэж зарлаж байна. Энэ гажуудлыг засахгүй бол цаашид хэнийг ч хамаагүй хэрэгт холбогдуулан нотлогдоогүй мэдээллээр нэр төрийг нь гутааж хэлмэгдүүлэх болно. Иймэрхүү үзэгдэл дахин дахин давтагдаад байгааг бүгд харж байна.
-Та энэ бол маш аюултай гэлээ. Өдгөө хүн бүр вайбер чат хэрэглэдэг болсон цаг. Хуурамч чат зохиогоод хэнийг ч хэрэгт гүтгэж болно гэсэн үг үү?
-Тийм. Хуурамч чат ч байна уу, өөр хуурамч баримт бүрдүүлэх нь эрүүгийн гэмт хэрэг. Ийм үзэгдэл байж болохгүй, хориотой гэмт үйлдэл. Харамсалтай нь хуурамч чат, пост гэх мэт олон төрлийн хуурамч зүйл хийж хүний нэр төрд халдах, бүр гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа олон тохиолдол цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Өнөөдөр манай улсад гар утас, вайбер ашигладаггүй хүн бараг байхгүй. Хуурамч чат, мессеж үйлдээд хэнийг ч, ямар ч гэмт хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлж болзошгүй бодит аюул занал бий болсныг иргэн бүр мэдэрч эхэлсэн байна. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил мөн. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нь хуулийн байгууллагын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Манай үйлчлүүлэгчийн жишээнээс харахад цагдаагийн байгууллага харваас илтэд хуурамч чатыг “эрүүгийн хэргийн нотлох баримт” гэж олон нийтэд цацаж байгаа нь маш хариуцлагагүй, хүний эрх зөрчсөн үйлдэл болсон. Энэ нь Засгийн газраас ташаа мэдээлэл хийж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсооход нөлөөлсөн байж болзошгүй.
-Энэ чатны зургийг прокурорын зөвшөөрөлтэй дэлгэсэн гэсэн. Прокурор хүртэл оролцсон гэсэн үг үү?
-Прокурор нь ийм илтэд хуурамч мэдээллийг олон нийтэд тараах зөвшөөрөл өгсөн бол маш ноцтой. Хяналтын байгууллагын прокурор хууль зөрчиж байгаа бол иргэдийг хилсээр хэлмэгдүүлэх аюул нүүрлэж байна. Тухайн үед зөвшөөрөл өгсөн прокурорт хариуцлага тооцох ёстой. Яг өнөөдрийн байдлаар бас нэг байгууллагын үйл ажиллагааг зогсоож, “Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл гаргаж байна, гэмт хэрэг үйлдсэн” гээд л зарлаж байна. Хэн нэгэн прокурор хуулийн дээр гарах ёсгүй, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг болохоос, завхруулах эрхгүй. Хуульчид хуулиа дээдэлдэг, хуулийн байгууллага нь хуульдаа захирагддаг байх, харин хууль зөрчдөг, ёс зүйгүй, бусдын нөлөөнд автаж хууль бус үйлдэл хийдэг хуулийн байгууллагад шургалсан этгээдүүдээс хуулийн байгууллага ангид байх ёстой. Ийм л нөхцөлд хэн нэгэн хэлмэгдэнэ гэж айх аюулгүй болж, хуулийн байгууллага нь хүний эрхийг баталгааг хангадаг болно.
-Энэ асуудал одоо ямар шатандаа явж байна вэ?
-Улсын Ерөнхий Прокурорт хандсан, гомдол хяналтын шатандаа явж байгаа. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газарт дүгнэлт гаргуулахаар мөн шилжүүлсэн. Бид хараат бусаар үнэн зөв дүгнэлт гарахыг хүлээж байна. Мөрдөн шалгах явцад хойшлуулшгүй ажиллагаа гэх шалтгаар ажиллагсдын гэрт нь үзлэг хийх, шүүхээс хилийн хориг албан ёсоор тавиагүй байхад хилээр орж гарахад нь сануулга өгөх, компанид зөвлөгөө өгсөн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх, нэгжлэг явуулах, нийтлэл бичсэн сэтгүүлчид Эрүүгийн цагдаагийн газар гомдол гаргаж, эрүүгийн журмаар шалгуулах, компанийн болон хувь хүний эд хөрөнгийг хураасан боловч нэг жилийн хугацаа өнгөрч байхад буцааж өгөхгүй үйл ажиллагааг нь зогсоосон хэвээр байгаа зэрэг хүний эрхийн зөрчлүүд гарсаар байгаад Хүний эрхийн үндэсний комисс анхаарах хэрэгтэй байх аа. Үүнээс гадна, элдвээр үндэслэлгүйгээр гүтгэж шалгуулсан этгээдүүдэд хариуцлага тооцох талаарх хуулийн зохицуулалт сул тул худал мэдээлэл гаргаж, компанийн үйл ажиллагааг доголдуулсан этгээдүүд хариуцлага хүлээдэггүй тул худал гүтгэлэг нь зогсохгүй л байна. .
-Хууль дээдлэх ёс, шударга ёсны зарчим хэрэгжиж энэ алдаа засагдаж, залруулагдах ёстой юм биш үү?
-Хуурамч чатад үндэслэн үүсгэсэн эрүүгийн хэргийг хүчингүй болгох ёстой. Энэ эвлүүлэг хийсэн гэмт этгээдийг олж тогтоох ёстой. Бид Улсын Ерөнхий Прокурор болон шүүхийн шатны хяналтаар энэ асуудал залруулагдана гэдэгт итгэлтэй байна. Хуурамч баримтад үндэслэн хүнийг гүтгэхгүй байх нь хууль ёсны зарчим. Бидний гол зорилго бол энэхүү гажуудлыг засах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 59 (7556)