П.АМГАЛАНБАЯР
Танхимд ороход монгол бичгээр бичсэн бүтээлүүд, ном гээд содон сонирхолтой бүтээлийг дэлгэсэн байлаа. Монгол түмний бахархал, ондоошил болсон монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой уг бүтээлүүд бол Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн “Гэгээн эгшиг” дугуйлангийн сурагчид болон багш нарын “Бичиг соёл-Бидний бахархал” үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэнгийн танхимаас бэлтгэсэн сурвалжлагаа хүргэж байна.
“Аав ээж минь надаар их бахархсан”
Тус сургуулийн “Гэгээн эгшиг” дугуйлан нь 6-12 ангийн 30 гаруй хүүхэд суралцдаг байна. Үйл ажиллагаагаа явуулаад нэг жилийн үр дүнгээ ийнхүү үзэсгэлэн болгож нийслэлийн хэмжээнд танилцуулж буй анхны тохиолдол болж байгаа аж. Энэ үеэр “Гэгээн эгшиг” дугуйлангийн багшийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрээр “Би сургуульдаа 11 дэх жилдээ монгол хэл бичиг, уран зохиолын багшаар ажиллаж байна. Дугуйлан маань бийр, үзгэн тиг, хулсан үзгээр бичиж сургах зорилготой, долоо хоногт хоёр удаа хичээллэдэг.
Дугуйлангаа хичээллүүлээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүүхдүүддээ 7-8 удаа үзэсгэлэнг үзүүлсэн.
Мөн “Мөнх тэнгэрийн бичиг, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд хүүхдүүд маань амжилттай оролцсон. Үүнээс “Монголын сайхан бичигтэн-2024” уралдаанд манай сургуулийн 12в ангийн сурагч Ж.Ариунзул маань бичвэрийн бус төрөлд тэргүүн байр эзэлсэн. Ер нь хүүхдүүдийнхээ зорилгыг нь зөв тодорхойлж, зөв удирдаж чадвал их авьяастай, хурдан хугацаанд сурч, хөгжих чадвартай байдаг” гэлээ.

“Гэгээн эгшиг” дугуйлангийн хамгийн бяцхан сурагч бол тус сургуулийн 6е ангийн сурагч Г.Тэмүүлэн. Түүний хувьд тус үзэсгэлэнд хоёр бүтээлээрээ оролцож байгаа гэлээ. Тэрээр “Би монгол бичгээр хичээллээд зургаан сар гаруй хугацаа өнгөрч байна. Одоо бүх үсгээ мэднэ. Энэ үзэсгэлэнд “Монголын нууц товчоо”-ны 12 дугаар бүлгийг бичиж оролцсон. Мөн өөрийн хамгийн анхны бичсэн “Мөнх тэнгэрийн бичиг” уралдаанд оролцсон бүтээлээ гаргасан байгаа.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 59 (7556)