Х.МОНГОЛХАТАН
Бяцхан гараа цавуугаар будаж, элдэв дүрс хайчилж үзээгүй хүүхэд хаана ч байхгүй. Нусны алчуураа төрөл бүрээр нугалан бөмбөгнөөс эхлээд цэцэгс, амьтад зэрэг олон зүйлсийг хийчихээд баясан хөөрч суусан мөч хүн бүрийн хүүхэд насанд бий. Цаас хөглөрүүлэн, хог тарьж хийсэн анхны бүтээлээ аав, ээж, багшдаа үзүүлэн магтаал сонсоод урамшиж суугаа бяцхан хүүхдүүд өнөөдөр ч олон. Харин энэ нууцхан авьяасыг нь нээн хөгжүүлж, эх орондоо төдийгүй дэлхийд нэрээ гаргасан уран бүтээлч болгох ямар боломж байна.
Хэдэн мянган жилээр тоологдох он цагийн тэртээд эртний Хятад улсаас эхтэй өнөөгийн цаасан урлалыг 1900-гаад оны дунд үеэс Япон улсад түлхүү хөгжүүлж ирсэн түүхтэй. Харин одоо Хятад, Япон, Солонгос төдийгүй дэлхийн олон оронд энэ урлалыг сонирхон судалж, өөрсдийн улс орны онцлог шинжийг шингээн хөгжүүлсээр иржээ. Уран бүтээлчээс чамгүй тэсвэр хатуужил, харааны болон гоо зүйн нарийн мэдрэмж шаарддаг өнө эртний түүхт цаасан урлалаар бүтээл туурвидаг уран бүтээлчид шагшигдаж байна.
Дэлхий даяар нэгэн хэвийн, хэвшмэл, уйтгартай зүйлсээс залхаж шинэ, сонин, содон зүйлсийг хайж эхэлсэн энэ цаг үед бид цаасан урлалыг Монголынхоо брэнд болгохыг уриалж байна.
Хүмүүс үргэлж шинийг эрэлхийлж, энгийн хэр нь хоргүй зүйлсээр яаж сэтгэл хөдөлгөм, сайхан зүйлсийг урлаж болох талаар санаагаа уралдуулах болсон. Үүний илрэл болж цаасан урлал дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо. Манайд ч дутах юм алга. Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн өдөр тохиож ямар бэлэг өгөх талаар ярилцаж, дээр дооргүй нэлээд сандарсан сурагтай. Нэгэн хэвийн хэвшмэл зүйл биш гоё сайхан бөгөөд ховор бэлэг хайсны эцэст цаасан урлалаар хөргийг нь бүтээлгэж өгөх шийдэлд хүрч энэ урлалаар мэргэшсэн нэгэн уран бүтээлчид ханджээ. Нарийн чимхлүүр, маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж хийсэн бэлэг нь Ерөнхий сайдад таалагдсан нь лавтай.
Гэтэл үнэндээ өөрсдийн сонирхол хүсэл, бор зүрхээрээ туурвиж байгаа цөөхөн уран бүтээлчдийг эс тооцвол цаас бол хог хэмээх ойлголтоос салаагүй манайд энэхүү салбар орхигдоод байгаа юм. Хэрхэн хогийг урлагийн гайхамшигтай бүтээл болгож болдгийг манай цөөнгүй уран бүтээлч харуулж явна. Гэхдээ энэхүү салбар манайд хөгжөөгүй, үнэлэх үнэлэмж муу байгаагаас тэдний зарим нь хилийн чанадад тухайлбал АНУ, Солонгост бүтээлээ туурвиж, олон танигдаж, үнэлэгдээд байна.
Цаасан урлал хийх олон төрлийн арга байдаг ч хамгийн түгээмэл дэлгэрсэн нь орогами болон киригами гэсэн хоёр төрөл юм. Орогами нь цаасыг эвхэж, нугалж бүтээл хийдэг бол киригами нь хайчилж нугалах арга юм. Хэдийгээр орогами болон киригами аргуудаар урлал хийх тогтсон нарийн аргачлал байдаг ч манай уран бүтээлчид түүнээс санаа авч, өөрсдийн сэтгэхүйгээр өөрчилж, нэг ёсондоо монголчилж урлагийн бүтээл туурвидгаараа онцлогтой. Ер нь хүн өөрөө л сэтгэж, оролдож чадвал цаасаар ямар ч төрлийн бүтээл туурвиж бусдын гайхширлыг төрүүлж болно. Хэдийгээр цаасан урлал хийдэг тусгай бэлдсэн туузан цаас Японд байдаг ч тэндээс их хэмжээгээр авчрах боломжгүй учраас өөрсдийнхөө боломжид тааруулаад байгаа материлаа ашиглан бүтээлээ урладаг байна.
Хийж л чадвал ямар ч цаасыг урлаг болгож болдгийн жишээг монголчуудын хамгийн их зорчдог улс болох Солонгост харуулсан байдаг. Тэнд ресторан, паб, үсчин зэрэг үйлчилгээний газрууд нь гар урлалын бүтээгдэхүүнээр интерьерээ шийдсэн нь цөөнгүй.
Цаасан урлалын түүхий эд нь олдоц сайтай, хямд төсөр, хэрэглэхэд хялбар, хамгийн гол нь байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн юм. Ердөө л гарын доорх материал, өнгөтэй цаас, сонин, сэтгүүл юуг ч ашиглаад гоё ганган, чамин тансаг бүтээгдэхүүн урлаж болдгийг олон уран бүтээлч харуулсан байдаг. Монголд ч энэ боломж бий. Зөвхөн сонин, сэтгүүл гэхэд өдөрт хэдэн мянгаараа хэвлэгдэж байгаа. Тэр бүхнийг хог болгон хийсгэж, галд өрдөж байхаар урлагийн бүтээл болгоод орон гэр, ажил төрөл, байшин барилгаа чимэглэж яагаад болохгүй билээ.
Сүүлийн үед манай цэцэрлэг, сургуулиудад цаасан урлалын хичээл алдаг онодог ордож болж, урлал хийдэг хүмүүс бусдадаа зааж сурган, дугуйлан секц хичээллүүлж, төрийн бус байгууллага хүртэл байгуулж байгаа нь сайшаалтай. Хэд хэдэн цаасан урлалын үзэсгэлэн нийтийн хүртээл болоход хүмүүс маш ихээр сонирхож байсан. Энэ мэтчилэн хүмүүсийн сонирхох болсон урлагийн нэгэн шинэ төрлийг дэмжиж, хөгжүүлж чадвал цаасан урлалыг Монголын брэнд болгох бүрэн боломжтой юм.