Б.НАНДИН

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт гарсан ой хээрийн түймрийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 18 болж нэмэгджээ. Тус улсын түүхэн дэх хамгийн хор хохирол дагуулсан энэ түймрийг унтраахад 5000 гаруй гал сөнөөгч, болон цэргийнхэн дайчлагдаж 150 орчим нисдэг тэрэг ашиглаж байна. Цаг агаар хуурай, мөн хүчтэй салхитай байгаа нь түймрийн тархалтад нөлөөлж богино хугацаанд суурьшлын бүсэд нэвтрэх аюулд ороод байгаа юм. Гал хурдацтай тархаж байгаагийн улмаас 27,000 гаруй оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлснийг албаныхан мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Су иргэдийн амь насанд заналхийлж буй ой хээрийн түймрийг цаашид тархахаас сэргийлэхийн тулд бүх хүчээ дайчлахыг мэдэгдсэн байна. Баасан гарагаас хойш асч байгаа ой хээрийн түймрийн улмаас 17 мянган га ой мод, 209 байшин барилга сүйдээд байна. Өмнөд Кёнсан мужийн Санчон хошуунд гарсан түймэр зэргэлдээх Йысон хошуунд тархаж, хүчтэй хуурай салхины нөлөөгөөр хөрш залгаа Андон, Чонсон, Ёньян, Ёндок хошууд руу тархжээ. Одоогоор тухайн орчимд байгаа сургуулиудыг хааж, олон зуун хоригдлыг шоронгоос шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Эх сурвалж: zms.mn