“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “BCH Knights” багийн ахлагч О.Эрдэнэцогтыг онцолж байна. Тэрээр энэ улирлаа тавдугаар байраар өндөрлөсөн ч өөрийн ур чадвар, гайхалтай тоглолтоороо сагсан бөмбөг сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээж, “ард түмний MVP” буюу үнэ цэнтэй тоглогчоор өргөмжлөгдөөд байгаа билээ.
Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн гурван удаагийн аварга 14 жилийн түүхт “Алдар” спорт хорооны “Танан Гарьд” багийн шилдэг тоглогч О.Эрдэнэцогт гэдгээр нь түүнийг андахгүй болов уу. Харин энэ улиралд багийн нэр өөрчлөгдөж, “BCH Knights” болж шинэ улирлыг эхлүүлсэн билээ.
Тэрээр Хэнтий аймгийн унаган хүү. Түүнийг сагсан бөмбөгийн ертөнцөд хөл тавихад хамгийн их нөлөөлсөн хүн аав нь гэнэ. Зургаадугаар ангиасаа энэ спортоор хичээллэж, “Харцага” багаас дээд лигийн гараагаа эхэлсэн юм. Харин 2017 онд “Танан Гарьд” багт нэгдэж, 2019, 2020 онд дээд лигийн аваргын цомыг өргөлцөж явсан нэгэн билээ. Залуу тоглогч 2017-2018 оны дээд лигийн “Бүх одод”-ын тоглолтод анх удаагаа оролцохын сацуу үзэгчдийн санал асуулгаар нэгт жагсаж байв. Энэ жилийн тухайд ч мөн жагсаалтыг тэргүүлсэн. Гэвч түүний тамирчны замнал дардан байсангүй. Хоёр жил дараалан лигийн аварга авсны дараа 2021 онд гартаа бэртэл авч, дөрвөн удаагийн хагалгаанд орж байв. Тухайн үед бэртлийн улмаас шигшээ багаасаа татгалзаж, олны хэл амд өртөж хэцүү үеийг даван туулсан. Энэ үе нь түүнд олон зүйлийг ойлгож, ухааруулсан гэдэг.
“Гаргасан хөлс чинь хэзээ нэг өдөр амжилт гаргахад хамгийн их нөлөөлнө”
Долоон жилийн манай сонинд өгсөн ярилцлагадаа “Зүрх сэтгэлээ зориул. Тууштай бэлтгэлээ хийгээрэй. Бэлтгэлийн хэдэн цагийн минут секунд бүрийг үнэ цэнтэйд тооцож, бүх хүчээ гаргаж сэтгэлээсээ хичээж шантралгүй зүтгээрэй.Гаргасан хөлс чинь хэзээ нэг өдөр амжилт гаргахад хамгийн их нөлөөлнө” гэж сагсан бөмбөгөөр хичээллэж буй дүү нартаа хандаж хэлж байв. Хэлсэн энэ үгнийхээ утга учир, үнэ цэнийг өөрийн биеэр үлгэрлэж яваа нь үнэхээр бахдалтай сайхан ажээ. Түүнийг дахин аваргын цом өргөж, “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналаа албан ёсоор хүртэхийг үзэгч, дэмжигчид нь хүлээсээр байна. Дараа жилийн дээд лигээр алдарт “Танан Гарьд” эрч хүчтэйгээр эргэн ирэх болов уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 52 (7549)