П.ЛХАГВАЖАРГАЛ
BCL Asia буюу сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтод өнгөрсөн жилийн дээд лигийн финалд шалгарсан “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Металл” багууд эх орноо төлөөлөн оролцох билээ. Тус шалгаруулалтын А, В хэсэгт найман баг өрсөлдөх бөгөөд “Хасын Хүлэгүүд” багийн тоглолт ирэх сарын 30-наас эхэлнэ. Харин “Бишрэлт Металл” багийн тухайд энэ сарын 25-нд Малайз улсын Куала Лумпур хотноо “NS Matrix”, ирэх сарын 5-нд Индонез улсын Жакарта хотноо “Pelita Jaya”, 29-нд Тайвань улсын Шинэ Тайпэй хотноо “Тaoyuan Pilots” багтай тус тус тоглох юм.
Гэтэл эдгээр тоглолт нь үндэсний дээд лигийн хагас шигшээ шатны тоглолттой давхцаж байгаа юм. Тодруулбал “Бишрэлт Металл” багийн хагас шигшээ тоглолт “BCL”-ийн дундуур буюу энэ сарын 28, 30 ирэх сарын 1-нд гэхчлэн хуваарьтай тавигджээ. Энэ нь сагсан бөмбөг сонирхогчдын дургүйцлийг төрүүлж, баг тамирчид хэт ачаалалтай тоглосноор бэртэл гэмтэл авах вий гэж сэтгэл чилээхэд хүргэж байна. Шийдвэрлэх ачаалалтай тоглолт, олон цагийн нислэгтэй тамирчдад амрах цаг хомс харагдаж байна.
Эх сурвалж: zms.mn