Б.БАЯРЖАВХЛАН

 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр гэсэн гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн дизайн, технологийн багш Сүхээгийн Тэргүүнбаяр болон түүний шавь нарын бүтээлийг онцоллоо.

-Танай сургуулийн хүүхдүүд зургийн уралдаанд хэр идэвхтэй оролцдог вэ?

-Манай сургуулийн хүүхдүүд зургийн уралдаанд их оролцдог. Дүүргийн татварын албанаас зохион байгуулдаг зургийн уралдаан болон бусад зургийн уралдаанд байнга оролцдог. Мөн зургийн дугуйланд ихэвчлэн цаашдаа энэ чиглэлээр суралцах зорилготой хүүхдүүд байдаг учраас ур чадварын шалгалтад бэлтгэх байдлаар сайн суралцдаг.

-Хүүхдүүд өөрийнхөө зурсан зургийг үзэсгэлэн болж гарсныг хараад их баярладаг байх даа?

-Хүүхдүүд өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргах үед өөрөөрөө болон хамт суралцдаг ах эгч болон найз нөхөдөөрөө их бахархдаг. Өөрийнх нь зурсан зургийг бусад хүн үзэж сонирхоод гайхан магтах үед үнэхээр урам авч нүдэнд нь оч гэрэлтдэг.

-Та ямар арга барилаар хичээлээ ордог вэ?

-Би 15 жил "GG Art" зургийн дугуйлан хичээллүүлж байгаа. Эхэндээ сурагчдаар аливаа зүйлийг байгаа байдлаар нь дуурайн зуруулж, будах чадварт дадлагажуулан дараа нь ургуулан нэмж зурах, натюрморт харж зуруулах гэх мэтээр хичээлээ ордог. Өөрийн хувьд монгол зураг зуруулах сонирхолтой.

-Дүрслэх урлагийн хичээл хүүхдүүдэд ямар арга барилыг суулгадаг вэ?

-Дүрслэх урлагийн хичээл нь хүүхдийг сэтгэн бодох өөрийн үзэл санаагаа зургаар илэрхийлэх, бүтээлч тууштай, нягт нямбай, урлагийн мэдрэмж сайжруулах, гоо зүйн нарийн мэдрэмж, нүд харааны ур чадварыг сайн хөгжүүлдэг. Хүүхдүүдийн хамгийн дуртай хичээлүүдийн нэг байдаг.

-Хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Их олон шавьтай болсон. Үүнээс зураачаар төгссөн, дизайнер мэргэ­жилтэй олон шавь бий. Аливаа зүйлд шимтэн суралцах нь бүтээлч чадварлаг иргэнийг бий болгодог. Тиймээс үргэлж оролдож зорилготойгоор суралцаарай гэж хэлье дээ.

11-3 ангийн сурагч Б.Анхзаяа
11-3 А.Амгаланзаяа
7-4 ангийн сурагч Д.Баттамир
11-2 ангийн сурагч Д.Анутөгс
6-4 ангийн сурагч Т.Буянжаргал
8-1 ангийн сурагч Д.Баттөгөлдөр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 40, 41 (7536, 7537)