М. АРИУНЖАРГАЛ

Казах үндэстний уламжлалт Наурызын баярыг Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ны өдөр тэмдэглэхээр болжээ.

Энэ хүрээнд “Наурыз 2025” соёл, урлагийн концерт, “Казах күрес” буюу казах үндэсний бөхийн барилдаан, гар урлалын үзэсгэлэн, казах гэр, гар урлал, уран бүтээлийн танилцуулга, Наурызын баярын идээ зоог, көже шөл зэргийг сурталчлахаар төлөвлөсөн байна. Энэ үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар зохион байгуулж, НЗДТГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжиж хамтран ажиллана. Наурыз нь казах соёлоор байгаль дэлхий өвлийн нойрноосоо сэрдэг өдөр бөгөөд Нарны баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодгоороо онцлогтой юм. Монгол Улсын нийт хүн амын дөрвөн хувийг казах түмэн эзэлдэг байна.

Наурызыг 1926 оноос хориглосон гэх боловч 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэдэг байлаа. Харин 1990 оны Ардчиллын дараа үндэсний үзэл, ёс заншил сэргэснээр өргөн дэлгэр тэмдэглэх болж, төр засгаас анхаарал хандуулан өндөр ач холбогдол өгөх болжээ. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн энэхүү баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

2010 оноос эхлэн Тажикстан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргыз, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. Харин ЮНЕСКО 2012 оны есдүгээр сарын 30-нд Наурызын баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна. “Наурыз” гэдэг нь перс гаралтай үг бөгөөд “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.

Эх сурвалж: zms.mn