П.Лхагважаргал
АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн ахлагчтай УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг өнөөдөр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийлээ.
УНТЭ-ийн дэргэдэх элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2011 оноос эхлэн 306 хүнд элэг шилжүүлэн суулгасан билээ. Үүнээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан буюу нийт мэс заслын таван хувийг эзлэх юм. Энэ үйл ажиллагааг 20-оод жилийн өмнөөс эх орондоо нутагшуулахаар УНТЭ-ийнхэн ажилласан юм.
ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч гэсэн хүний эд эрхтнийг хөндөхгүй байх давуу талтай гэж үздэг. Гэтэл энэ үзүүлэлт нь зарим хүчин зүйлээс шалтгаалаад манай улсад хангалтгүй байна.Бид амьд донороос 1 сая хүн амд элэг шилжүүлэн суулгасан тоогоороо 2023, 2024 онд дэлхийд тэргүүлсэн.
ДЭМБ-ын энэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн хөгжлийн төвд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулж, гавьяат эмч П.Батчулуун даргаар нь ажилласан. Тус алба байгуулагдсанаас хойш 270 гаруй талийгаачийнар гэрт санал тавьж, 31 хүний ар гэрийнхэн зөвшөөрсөн ажээ.
О.Сэргэлэн эмч энэ тухай “Элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээлгийн жагсаалтад амь гуйгаад байж байна. Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш нэг ч амьгүй донор гараагүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна” гэж бодит нөхцөл байдлыг мэдэгдлээ.