Б.Нямсүрэн

Нобелийн шагналт, UNESCO-гийн Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний шагналт Филиппиний сэтгүүлч Мариа Рессагийн “Дарангуйлалтай хэрхэн тэмцэх вэ? ном Монголд нээлтээ хийгээд удаагүй байгаа энэ цаг үед Филиппиний ерөнхийлөгч асан Р.Дутерте Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө очсон нь түүний тэмцлийн зүй ёсны ялалтын нэг байлаа. Гэвч манай улсад үүний эсрэг үйл явдал өрнөж эхэллээ.

Монгол Улсыг “ардчиллын баянбүрд” гэдэг. “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” бол энэ ардчиллын баянбүрдийг хэрхэн хамгаалах ёстойг Филиппиний жишээгээр олон улсад илэрхийлсэн гарын авлага гэж болохуйц үнэ цэнтэй бүтээл. Энэ ном монгол уншигчдын гарт дөнгөж хүрч эхлээд байх үед ардчиллын тулгуур багана болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэвлэлийн эрх чөлөөнд илтэд халдсан, “дарангуйллын машин” ажиллаж эхэлсэн дохио болохуйц үйл явдал noorog.mn сайтын үйл ажиллагааг тасалдуулан шалгаж, хууль бусаар байцаан шалгасан үйл явдал харуулж байна. Тиймээс сахин хамгаалах ёстой ардчиллаа хэрхэн хамгаалах тухай өгүүлсэн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ? номын зарим онцлох эшлэлээс хүргэе.

  • Сэтгүүлчийн өөрийгөө хамгаалж болох хамгийн чухал зэвсэг бол үнэнийг илчлэх боломж юм.
  • Ардчилал хэврэг. Ардчиллын эд эс бүрийг бид тэмцэж байж бий болгоно. Ардчилал заяагдмал гэж ойлгодог барууныхан ардчиллаа алдах ирмэгт тулсан бидний сургамжаас суралцах хэрэгтэй.
  • Та үнэний төлөө юу золиосолж чадах вэ?
  • Иргэдийн оролцоонд суурилсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш хүчтэй. Иргэдийг дэмжиж ойлгодог чөлөөт хэвлэл байсан цагт энгийн иргэн хэзээ ч дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй.
  • ...Нийгмийг ойртуулж, хүмүүсийг холбодог гэж олон хүн итгэсээр ирсэн Facebook уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагуудыг орлодог болчихсоныг ойлгоогүй байлаа...  
  • Шударга ёсны эрэл биднийг сэтгүүлч болгосон. Сайн сайханд итгэх итгэл миний ертөнцийг үзэх үзлийн суурь болдог билээ.
  • Норвегийн Нобелийн хороо дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа сэтгүүлчдэд “Бид та бүхний зовлон золиос, өвдөлтийг мэдэрч байна” гэдгээ илэрхийлсэн юм. Мэдээллийн системийг үл үзэгдэх цөмийн бөмбөг дэлбэлснийг бид мэдэрч байсан шиг дэлхий ч бас мэдэрч байгаагийн илрэл энэ шагнал байв.