Дуламын ЦЭРЭННАДМИД

 

Сэвжидийн Сүхбаатар гэхлээр Монголчуудын дийлэнх хэсэг мэднэ. Харин сүүлийн үеийн зарим нь “Өө нөгөө хөдөлмөрийн баатар цол хүртэж харагдсан нөхөр байна” гэх төдий байж магадгүй.

Тиймээс Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар энэ хүнийг  манай сонин “Трэнд ярилцлага” буландаа зочноор урьж ярилцсан юм. Бид хоёр цаг гаруй хөөрөлдөж Монголын урлагт С.Сүхбаатар гэдэг эрхэм  50 гаруй жил хүчин зүтгэсэн. Тэр дотроо бүжиг гэдэг хүн төрөлхтний биеийн хэлэмж хөдөлгөөний хэл, цогц илэрхийллийн нэг хөтөч нь байж чадсан гэдгийг уншигч түмэндээ ойлгуулахыг зорьсон билээ.  Тэр ясны бүжигчин, бүжиг дэглээч гэдгээ хэлэх үг, хийсэн хөдөлгөөнөөрөө зэрэгцүүлэн харуулж ёстой л ангайлгав. За тиймээ зочин маань суудал дээрээ сунайтал дэвж сугсранхан бүжиглэж гайхшируулсан. Уг ярилцлагаа толилуулъя.

 

-Таныг Монголын урлагийн нэг томоохон зүтгэлтэн гэдгийг хэлэх байна. Гэтэл сүүлийн үед жаахан нуугдмал байх шиг...?

-Би хэзээ ч нуугдмал байж үзээгүй. Өөрөө харин уулзъя ярилцъя гэчхээд гурван сар олдоогүйд минь гомдонгуй үг хаяж жаахан өдөх янзтай байна уу даа. Уучлаарай хө. Би чинь гавьяаныхаа амралтад гарчихсан хэдий боловч уранбүтээлч хүний хувьд Монголын өв соёл бүжгийн урлагийг хөгжүүлэхийн төлөө алд биеэ зориулсаар явна. Миний амьдрал бол бүжиг.    Би бүжигчин байлаа. Бүжиг дэглээч боллоо. Найруулагч, уран сайхны удирдаач байсан. Энэ бүх хугацаанд бий биелгээнээс бүжгийн дээд төрөл бүжгэн жүжиг хүртэл хөгжүүлж ирсэн гэдгээ бардам хэлэх байна. Тиймээс урьд хийсэн уран бүтээлээ сэргээх, улам баяжуулахын төлөө монгол уламжлалын өв сангаас судлах илүү ихийг олж мэдэх эрмэлзэлтэйгээр хөдөө орон нутгаар явж байна. Ардын уламжлалт дуу хуур, амьдралын олон талт хөдөлгөөнийг гүйцэд танихын төлөө ажиллаж байна. Аавын минь хэлсэн нэг үг надад луужин болж явдаг.

-Сүхбаатар аа чи хөдөө нутгаараа , тэнүүн сайхан байгаль юугаараа үргэлж бахархаж бай. Өнө эртнээс уламжлалтай нүүдэлчин монгол түмнийхээ үүх түүхийг судал, олсон мэдсэн бүхнээ уран бүтээлдээ бадрангуйгаар тусгаж бай гэсэн юм.

Энэ дагуу би хичээж алхам тутамдаа олзтой явдаг. Угсаатан бүрийн өөр өөрийн өвөрмөц язгуур дуу хөгжим өвүүдтэй танилцаж түүнийгээ бүжгээр авч үлдээхийн төлөө зүтгэж өдий хүрлээ. Уншиж судалсан юм ч багагүй. Тиймээс миний хийсэн уранбүтээлүүд монгол нутгаа, их хаад, хатдаа мартсан, хөдөлмөр, ахуй амьдралын сэдэвтэй гээд олон төрөлд багтдаг.

-Монголын зууны манлай бүжиг дэглээч Сэвжид гэдэг хүний үргэлжлэл нь Та. Удам дамжсан уран бүтээлч. Дээр цухасхан дурдсанаа дэлгэрүүлж аавынхаа тухай дурсана уу?

-Би хүүгийнх нь хувьд бол төдийлэн мартаж чадахгүй. А харин монголын бүжгийн дэгийг би болгосон бүжгийн багш, мундаг хүн гэж хэлнэ. Яагаад гэхээр би ааваа гэж хэлж чадахгүй байхдаа багш гэж хэлж сурсан. Тэр хүнийг дагаж бүжгийн урлагийн гайхамшиг дунд өссөн. Тиймээс би багш гэдэг. Сэвжид гэдэг хүн урлаг дотроос Монгол бүжиг гэдэг төрлийг дэлхийн тавцанд гаргаж өгснөөрөө сод хүн гэгддэг. Миний хувьд аавынхаа, багшийнхаа уранбүтээлийг үргэлжлүүлэн хийж амжаагүйг нь гүйцэлдүүлэхийг хичээн монгол бүжгийг хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулж явна. Шавийн үүргээ биелүүлж чадсан уу гэвэл чадсаан.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 50 (7546)