Б.Нандин

Түрэг угсаат улсуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой Түрэг улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кубанычбек Өмүралиев манай улсад айлчилж байна. Тэрээр өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт бараалхаж, Турк улсын элчин сайдын яаманд зочлох юм байна. Харин маргааш Монгол улсын ШУА-д зочилж эрдэмтэн судлаачидтай Түрэг судлалын талаар яриа өрнүүлнэ.

Түрэгийн улсуудын байгууллагын үндэс суурь нь 1992 онд Анкарад болсон  Түрэг хэлтэн орнуудын дээд хэмжээний уулзалтаас бий болсон гэж үздэг. Харин 2009 онд Азербайжан, Казахстан, Кыргызстан, Турк улс хамтран энэхүү институтийг байгуулсан байна. 2019 онд Узбекистан тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр 2019 онд элссэн бол Унгар 2018 онд,  Туркменистан 2021 онд ажиглагчаар элсчээ. 

Түрэг улсуудын байгууллагын үндсэн шийдвэр гаргах түвшний бүтцэд нь Төрийн тэргүүн нарын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл, Ахмадын зөвлөл, Ахлах албан тушаалтны хороо, Нарийн бичгийн дарга нарын газар зэрэг багтдаг. Мөн тус байгууллагын институцууд болох Түрэг хэлтэн орнуудын Парламентын ассамблей (ТУРКПА), Түрэгийн соёлын олон улсын байгууллага (ТУРКСОИ), Олон улсын Түрэгийн академи, Түрэгийн соёл, өвийн сан, Үндсэн хуулийн цэцийн зөвлөл зэрэг байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Түүнчлэн үйл ажиллагааг нь Нүүдлийн соёл, иргэншлийн төв (Бишкект төвтэй) болон Түрэгийн бизнес зөвлөл зэрэг холбогдох болон харьяа байгууллагууд дэмжиж ажилладаг байна.