Б.Нандин

Германы цахилгаан автомашины зах зээл эрчимтэй нэмэгдэж 2024 онд нийт борлуулалт 27 хувиар өссөн ч үүний эсрэгээр “Тесла”-гийн эрэлт огцом буурчээ. Өнгөрсөн жил “Тесла”-гийн борлуулалт 2023 онтой харьцуулахад 41 хувиар унасан бөгөөд 2025 оны эхний хоёр сард борлуулалт өмнөх оныхтой харьцуулахад 70 хувиар буурч байдал улам хүндэрч байна. Саяхан Германы 100 мянган худалдан авагчдын дунд хийсэн судалгаагаар нийт худалдан авагчдын 94 хувь нь Теслаг сонгохгүй гэсэн эрс шийдэмгий хариулт өгсөн байна. Илон Маск олон нийтийн сүлжээгээр Германы сонгогчдын дөнгөж 20 хувь нь дэмжсэн хэт барууны үзэлтэй AfD намыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ доромж маягийн хошигнол зэргийг хэрэглэх болсонд германчууд бухимдах болжээ.

Мөн АНУ-ын татварын бодлогыг эсэргүүцэж Европ даяар “Теслагаас татгалзах хөдөлгөөн” гэмээр үйл явдлууд өрнөсөөр байгаа. Үүний үр дүнд өнгөрсөн долоо хоногт гэхэд  цахилгаан автомашины хамгийн том үйлдвэрлэгч “Тесла” компанийн хувьцаа түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрснийг Уолл Стрийт мэдээлсэн билээ. “Старлинк”, “Х” платформ, “Тесла” зэрэг технологийн томоохон компанийг эзэмшигч Илон Маск-ийн явуулж буй улс төрийн бодлогоос шалтгаалан Европын орнууд болон Австрали улсын худалдан авагчид “Тесла-гаас татгалзах болсноо илэрхийлсээр байна. Австралид гэхэд Германтай адил “Та Тесла сонгох уу? гэсэн судалгаанд 80 хувь нь үгүй гэж хариулжээ.