Б.БАЯРЖАВХЛАН
Залуучууд сум, орон нутгаа орхиод хотыг зорих нь их болсон. Тэгвэл орон нутагт ажиллаж, өөрийгөө сорихоор Дорноговь аймгийг зорьсон О.Нарангэрэлийг бид энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцолж байна.
Улаанбаатарт амьдрах нь дарамт ихтэй байсан тул орон нутгийг зорьжээ
О.Нарангэрэл 2022 онд МУБИС-ийг математик, мэдээлэл зүйн багшаар төгсжээ. Улаанбаатарт хувийн сургуульд нэг жил багшлаад 2023 оны хоёрдугаар сараас Дорноговь аймгийн Сайншанд сумын зургаадугаар сургуульд багшлахаар очсон аж. Энэ тухайгаа “Би Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрж, өссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод амьдарна гэдэг бодолтой байсан. Сургуулиа ч төгсөж, төлөвлөгөө ёсоор хувийн сургуульд багшилж эхэлсэн. Гэвч түгжрэл, утаа, байрны түрээс зэрэг маш олон асуудал тулгарсан. Нэг л мэдэхэд сар бүрийн байрны түрээсэнд цалингийнхаа ихэнхийг өгч, ажил, гэр гэсэн маршруттай завгүй, аз жаргалгүй нэгэн болж хувирсан. Бүх зүйл төсөөлснөөс өөр байсан. Тиймээс зориг гаргаж орон нутагт ажиллахаар шийдсэн. Яг энэ үед Сайншандад шинээр Зургаадугаар сургууль байгуулагдаж, мэдээлэлзүйн багшийн сул орон тоо байгааг мэдсэн. Шалгалт өгч тэнцээд, ажилд орсон. Орон нутагт амьдрах сонголт хийсэндээ талархдаг. Одоо бол тайван, аз жаргалтай амьдарч байна” гэв.
Сайншанд сумын хувьд Улаанбаатар хот, улсын хилтэй ойр учир хүнс болон бараа бүтээгдэхүүн харьцангуй хямд байдаг. Мөн Дорноговь аймаг нь залуу боловсон хүчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй өрх, төрийн албан хаагчдыг дэмжих зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд 1342 айлын 36 блок нийтийн орон сууц баригдсан ба аймгийн орон сууцны тоо 9009 болон нэмэгдэж, хүн амын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Орон сууцны хүртээмж, түрээсийн үнэ хямд байдаг нь үүнтэй холбоотой байх. Энэ талаар О.Нарангэрэл “Сайншандад түрээсийн байрны үнэ харьцангуй хямд. Би нэг өрөө байр сарын 500.000 төгрөгөөр түрээсэлдэг. Өнгөрсөн жил “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж сонгон шалгаруулалтад орсон боловч таван жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй. Одоо дахиад энэ хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байгаа гэсэн. Ажилласан жил маань ч нэмэгдэж энэ удаагийнхад хамрагдаж чадах байх” гэсэн юм.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 49 (7545)