Б.НЯМСҮРЭН
Нобелийн Энхтайвны шагналт Филиппиний сэтгүүлч Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ” номын Монгол дахь нээлт өнгөрсөн баасан гарагт Үндэсний номын санд боллоо. Сэтгүүл зүйн хөгжлийн “Үүр” төвийн тэргүүн Б.Дуламхорлоогийн эх хэлнээ орчуулсан номын нээлтэд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр, “Глоб” интернэшнл байгууллагын тэргүүн Х.Наранжаргал болон Сэтгүүл зүйн хөгжлийн “Үүр” төвийн хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарынхан хүрэлцэн ирсэн байлаа.
Мариа Ресса бол дэлхий нийтийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх хэрхэн хязгаарлагдаж, хумигдаж байгаа олон баримтыг ил болгосноороо Нобелийн шагналыг эх орондоо авчирсан анхны филиппин эмэгтэй. Тэр сошиал медиа дарангуйлагчийг төрүүлж, ардчиллыг устгаж байгаа тухай, тархи угаалтын хэрэгсэл болж, мэдээллийн орчинд үл үзэгдэгч атомын бөмбөг дэлбэрч байгаа тухай шүүмжлэн бичдэг.
Харин номын орчуулагч Б.Дуламхорлоо яагаад энэ номыг орчуулах болсон тухайгаа нээлтийн үгэн дээрээ онцлохдоо харьцуулан дүгнэсэн баримт нь олон хүнд нэгийг бодогдуулав.
“Би ардчилалтай чацуу. Хүүхэд байхад л Монгол Улс ардчилсан улс байсан, тэр утгаараа би ардчилал энэ хэвээрээ байсаар л байна гэсэн итгэл үнэмшилтэй явж ирсэн. Гэвч сүүлийн 16 жилийн турш авторитар дэглэм тасралтгүй хүрээгээ тэлсээр байна. Дэлхий нийт хэрхэн дарангуйллын тогтолцоо руу гулсан орж байгааг Freedom house-аас гаргадаг нээлттэй баримтаас харж болно. 2024 оны үзүүлэлтээр дэлхийн 10 хүн ам тутмын найм нь хагас эрх чөлөөтэй, хаалттай засаглал дор амьдарч байна гэсэн судалгааг гаргасан.
Монгол Улсыг “Ардчиллын баянбүрд” гэж олон улсад үнэлдэг. Ардчиллын индексээр манай улс бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд цөөхөн тэмдэглэгддэг ногоон өнгөтэй харагддаг. Гэвч энэ баянбүрд болсон ардчилал минь устаж үгүй болох, тэр дундаа энэ ногоон өнгө өөрчлөгдөж болзошгүй нөхцөл байдал руу бид аажмаар орж байгаа юм биш биз гэсэн санаа зовнил энэ номыг орчуулж байхад олон төрж байлаа” хэмээн хэлсэн нь товчхон боловч онцгой үгс байлаа.
“Дарангуйлал хаяанд биш хойморт гараад суучихлаа” хэмээн шог зураач С.Цогтбаяр номын нээлтийн үеэр онцлон хэлсэн нь номын нэрэнд дүйцүүлэн хэлсэндээ ч биш үнэхээр Монголын нийгэмд дарангуйллын өнгө аястай, энэ номд гарч байгаа шиг олон үйл явдал өрнөх болсныг хамгийн товчоор онож хэлсэн үг хэмээн эрхгүй бодогдож байв.
Ерөөсөө энэ номыг уншихад Филиппиний тухай биш Монголын тухай бичсэн мэт сэтгэгдэл олон төрнө. Товчхондоо бол Филиппин Монгол хоёр орны нийгэмд төстэй зүйлс олон бий. Олон нийтийн сүлжээ тэр дундаа фэйсбүүкийн хэрэглээ хамгийн өндөр улс орнууд. Нөгөө талаар тэр хэрээр фэйсбүүкийн алгоритмыг хамгийн их ашиглан худал эсвэл төөрөгдүүлсэн мэдээллийг түгээх түүнийгээ ашиглан нийгмийг удирдах, маниупляц явуулдагаараа ч ижил. Манайд олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийн тулд хамгийн түрүүнд фэйсбүүкийг ашиглах болсон тухай олон нийт байнга шүүмжлэх болсон. Яг үүн шиг 2016 онд Р.Дутерте ч мөн фэйсбүүкийн тусламжтайгаар Филиппин улсын ерөнхийлөгч болж, олон нийтийн тархи угаалт, хуурамч мэдээлэлд автуулах, бусдыг турхирах нийгмийг хагалан бутаргах гээд олон төөрөгдлийг фэйсбүүкээр дамжуулан явуулсан гэгддэг. Тиймээс ч Родриго Дутертег Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлан олон мянган хүний амь насанд халдсан гэмт хэрэгт буруутгаж шалгаж байгаа энэ үед түүний дарангуйлалтай тэмцэгч сэтгүүлчийн ном манай улсад нээлтээ хийсэн нь сонирхолтой давхцал болов.
2021 оны Нобелийн шагналтан, “Time” сэтгүүлийн оны хүнээр тодорч байсан эрх чөлөөний бичээч эрхмийн номыг эх хэл дээрээ унших нь монгол уншигчдын хувьд олзуурхууштай боломж билээ. Номын нээлтэд зохиогч Мариа Ресса цахимаар оролцож, уншигчидтайгаа халуун дотно яриа өрнүүлэв. Түүний ярилцлагыг дараагийн дугаарт бүрэн эхээр нь “Зууны мэдээ” сонинд нийтлэх болно. Энэ удаад шинэ номын нээлтэд уригдсан зарим зочдын сэтгэгдлээс хуваалцъя.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: “Мянган зүсэлт” манай ардчиллын ногоон өнгийг хувиргаж байгаа нөхцөл байх вий
-Миний хувьд энэ номд гарч байгаа үйл явдлуудын заримыг өөрөө туулж өнгөрсөн, худал мэдээллийн уршгаар өөрийн амьдралаараа ч хэлмэгдэж явсан хүний хувьд номыг уншихад нээрээ л ийм байдаг даа гэж сэрхийж бодмоор, эргэж өөрийн амьдралаа эргэцүүлж тунгаах үе олон таарсан.
Энэ номд гарч байгаа 1000 зүсэлт гэж ойлголтын талаар би илүү тодруулж хэлмээр байна. Хүмүүс өдөр тутамд болж байгаа жижиг жижиг зүйлсийг анзаарахгүй, анзаарсан ч жижигхэн юм даа гэж бодоод хаяад байх тусам тэр олон 1000 зүсэлт ямар гүн шарх, их өвдөлтийг мэдрүүлж болох тухай энэ номд гардаг. Яг энэ агуулгаар харвал тэр 1000 зүсэлт магадгүй ардчилсан гэж ногоон өнгөөр тэмдэглэгдэж байгаа манай улсыг өөр аюултай өнгө болгож хувиргаж байгааг бид маш бага анзаарч байгааг мэдрүүлсэн ном байлаа. Асуудалд хийсвэр байдлаар хандсан бүхэн цөмөрч унадаг, харин баримт бол цаг ямагт ялдаг гэж би оюутнууддаа хэлэх дуртай. Дарангуйлал ямар замналаар яаж явагддагийн тод жишээ болсон энэ номыг нэг биш нэлээд хэдэн удаа унших хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа олон нийт, сэтгүүлчид энэ номыг уншиж, эрх баригчдын хийж байгаа зөв бурууг ялгаж салгах зөв ойлголттой болоход маш их тус дэм болохуйц ном гэж би их үнэлсэн.
Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр: Дарангуйлал хойморт гараад суучихлаа
-Энэ ном бол хавтаснаасаа эхлээд их ойлгомжтой. "Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ гэдэг гарчигний доор “Ирээдүйнхээ төлөө” гэж бичсэн байгаа. Мэдлэг мэдээллийн цунами болсон ороо бусгаа өнөөгийн нийгэмд монголчуудад хамгийн хэрэгтэй зааврыг энэ ном орчуулагдан гаржээ. Би энэ номыг ардчиллын гарын авлагатай адилтгамаар байна.
Ардчиллын баянбүрд гэж ярьдаг, Монголчуудын эрх чөлөөг илэрхийлсэн тэр ногоон өнгө маань өдөр ирэх тусам өөрчилж байгаа. Бидний үг хэлэх эрх чөлөөний, хүний эрхийн, ардчиллын индексүүд өдрөөс өдөрт муудаж байгаа. Эдгээрийг ардчилсан хэвээр байлгах ногоон өнгөөр нь хэвээр хамгаалахын тухайд хамгийн чухал гарын авлага болсон ном гэж хэлмээр санагдлаа.
Энэ номыг орчуулан, эрхлэн гаргаж байгаа хүмүүс маань бидний үеийнхэн биш дөнгөж амьдралд хөл тавиад удаагүй залуу үеийнхэн маань байгаад их баярлаж байна. Шударга үнэний талд зогсох хүмүүс цөөдөөгүй гэдгийг харж байна. Зохион байгуулалттай асар их хөрөнгөн дээр ажиллаж байгаа эрх мэдэлтнүүд одоо хүчтэй мэт харагдаж байгаа ч цагийн аясаар муу бүхэн ялагдана. Тиймээс байгаа сайн зүйлээ муутгахгүй авч явах боломж байгаа гэдгийг хэлж, захиж байгаа гарын авлага юм. Ирээдүйнхээ төлөө хийж байгаа тэмцэл юм. Бид өөрсдийн нийгэмд хар нүх хэрхэн үүсч байгааг харж байгаа, зарим нь амьдралаараа үзэж туулж яваа. Өмнө нь сонгуулийн үед нэг, хоёрхон сард л болдог байсан муу муухай цаг өдөр болгон үргэлжилдэг ийм харанхуй бүдүүлэг цаг иржээ. “Дарангуйлал хаяанд биш хойморт гараад суучихлаа" гэж би товчхон хэлмээр байна. Тийм болохоор бид энийг эрүүл ухаанаар харах ёстой, сэргийлэх боломж нь бидэнд байна. Энэний төлөө хамтдаа тэмцье, олон хүнд түгээх гүүр болж ажиллацгаая.
"Глоб" интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал: Ардчиллыг байнга усалж тордож байхгүй бол бөхөх аюултай
-Би энэ номын зохиогч Мариа Руссег танина, хэд хэдэн удаа уулзаж байсан. Хэдхэн хоногийн өмнө Родриго Дутертег баривчлагдсан мэдээг хараад би маш их баярласан, сэтгэл хөдөлсөн. Мариа маань ялчихлаа шүү дээ гэж уйлмаар санагдсан. Тэр эрх чөлөөний төлөө, ардчиллын төлөө ажиллаж худал мэдээллийн эсрэг өөрийн амьдралаараа тэмцсэн. Энэ агуулгаар харвал дарангуйллын тогтолцоо ямар аюултай гэдгийг бид энэ номоос уншиж ойлгож судалж мэдэх боломжтой гэдгээр нь үнэхээр ширээний ном болохоор бүтээл юм. Энэ бол яг сэтгүүл зүйн мөн чанар утга учрыг жинхэнэ утгаар ойлгоход бүх сэтгүүлчдэд, жирийн уншигчдад ч асар үүрэг гүйцэтгэх онцгой ач холбогдолтой ном. Тиймээс аль болох энэ номын уншигч олон байгаасай, уншсан хүн бүр цааш түгээхэд жинтэй хувь нэмэр оруулаасай гэж хүсч байна. Ардчилал бол хүний эрхийн суурь. Түүний урьдач нөхцөл нь хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх юм. Ардчиллыг байнга усалж тордож байхгүй бол ардчилал бөхөх аюултай. Тиймээс бид үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалснаар, ардчилсан нийгэмтэй байж хүн шиг амьдарна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 48 (7544)