Ч.БЯМБАХАЖИД

 

Монголчууд эрт дээр үеэс бурхны шашинтан, Дорно дахины номт гурван улсад багтсан үндэстэн билээ. Эрдэмтдийн бичиж үлдээснээр монголд бурхны шашин гурван удаа дэлгэрчээ. Тодруулбал, эхнийхийг түрүү үеийн дэлгэрэлт, дараагийнхийг дунд үеийн, сүүлийнхийг хожуу үеийн дэлгэрэлт хэмээн нэрлэж ирсэн байдаг. Монголчууд бурхны шашинтай болж ирснээр харийн хэлээр бурхны шашны тухай уншиж, сонссоор байх уу эсвэл өөрийн үндэсний хэлээрээ уншиж, судлах ёстой юу гэх үзэл санааг тухайн үеийн эрдэмтэд гаргаж байжээ. Энэ үеэс эхлэн монголчууд өөрийн хэлээрээ бурхан шашны тухай уншиж судлан, мэдэх ёстой гэх үзэл давамгайлж 14 дүгээр зууны эхэн үеэс буюу 1310-аад оноос бурхны сургаалийг монгол хэлнээ орчуулсан түүхтэй.

Энэ утгаараа “Бурхан багшийн сургаал” номыг анх 1996 онд тухайн үеийн Соёлын сайд байсан Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр англи хэлнээс олон нийтэд зориулан энгийн хэллэгээр орчуулан гаргаж байжээ. Түүнчлэн “Бурхан багшийн сургаал” номыг Японд 10 мянган хувь хэвлүүлэн, номын нээлтэд оролцсон 500 хүнд 500 ширхэг номыг үнэгүй тарааж, бүх номын сангуудад бэлэглэж байсан ажээ.

Тэгвэл энэ оноос Монгол Улс хос бичигтэн болж, үндэсний бичгээ албан ёсоор сэргээн хэрэглэж эхэлсэнд баяр хүргэн Япон улсын Оберин их сургуулийн профессор, түүхийн ухааны доктор Т.Байгал “Бурхан багшийн сургаал” номыг монгол бичигт хөрвүүлэн түгээж байгаа юм. Тус номыг монголын бүх номын санд хандивлах зорилгоор 10 мянган ширхэгийг хэвлүүлж өчигдрөөс түгээж эхэллээ.

Бурхан багшийн сургаалыг өдгөө дэлхий нийт шашны ном гэхээсээ илүү Буддын гүн ухаан, аж төрөхүй, хүнлэг ёс, ёс суртахууны үнэтэй бүтээл хэмээн үзэж өргөнөөр уншин судлах болсон байна.

 

“Номын хэлээр тухайн бүтээлийг дэлгэрүүлэх, энгийн ярианы хэлээр дэлгэрүүлэх хоёр өөр асуудал”

 

“Бурхан багшийн сургаал” номын гол агуулга, утга учрын тухай Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Ганболд тайлбарлахдаа “Буддын шашинтай улсуудад бурхны тухай гурван үндсэн ойлголт яригддаг. Нэгдүгээрт, бурхан багшийн намтартай холбоотой нэг тойм агуулга. Хоёрдугаарт, бурхан багшийн сургаалийн тухай тойм агуулга. Гуравдугаарт, бурхны шашин Дорно дахинд хэрхэн дэлгэрсэн тухай тойм агуулга бий. Өөрийн гэсэн бичгийн хэлтэй болж, номын хэлээр тухайн бүтээлийг дэлгэрүүлэх гэдэг нь маш том асуудал. Нөгөө нь энгийн ярианы хэлээр ойлгогдох хэлбэрээр дэлгэрүүлэх асуудал юм. “Бурхан багшийн сургаал”-ийг бурханы сургаалийг дэлгэрүүлэх Японы нийгэмлэг номын хэлээр бус энгийн ойлгогдох хэллэгээр дэлгэрүүлэн буулгаж өгвөл сайн гэх санааг үндэслэн энэ номыг анх дэлгэрүүлсэн байдаг. Ингээд дээрх гурван гол зүйлийн агуулга энэ номд багтсан” гэлээ.

“Бурхан багшийн сургаал” номыг номын санчдад хандивлах үйл ажиллагааны үеэр номын хөрвүүлэгч Япон улсын Оберин их сургуулийн профессор, түүхийн ухааны доктор Т.Байгалийн Япон улсын Токио хотоос цахимаар ирүүлсэн мэндчилгээг хүргэсэн юм. Мөн ном хандивлах үйл ажиллагаанд 70 орчим байгууллагын төлөөлөл, номын санчид болон эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш нар оролцлоо. Номыг нээлтийн үеэр Улаанбаатар хот дахь бүх шатны номын сангийн төлөөллүүдэд бэлэглэсэн юм.

 

“Нэг номын санд 3-5 ширхэг ном хандивлана”

Мөн Монгол Улсад нийт 1500 гаруй номын сан байгаа бөгөөд уншигчдын гарт очиж буй “Бурхан багшийн сургаал” бүтээл нь номын сангуудын эрэлт хэрэгцээ, хүрээллээс шалтгаалж нэг номын санд 3-5 ширхэгийг хандивлах аж. Ингэхдээ орон нутгийн сургуулийн номын сангуудад МУҮНС-тай хамтран тараан хүргүүлж, нийслэлийн ЕБС-ийн номын сангуудад Хүүхдийн төв номын сантай хамтран хүргүүлнэ. Харин бусад байгууллага, их дээд сургуулийн номын сангууд МУБИС-ийн номын санд хэдийд ч ирж номын хандивыг хүлээн авах боломжтой гэдгийг МУБИС-ийн номын санч, эрдэм шинжилгээний судлаач Д.Цолмон хэлсэн юм.

Энэ үеэр номын нээлтэд оролцогчдийн төлөөлөл СБД-ийн 6-р сургуулийн номын санч Т.Шинэцэцэг сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Тэрээр “Энэ оноос бид хос бичигтэн болж байгаа учраас “Бурхан багшийн сургаал” номыг монгол бичигт хөрвүүлэн гаргасанд маш их баяртай байна. Нийгэмд үзүүлэх сайн үр нөлөө ихтэй ном учраас хүмүүс уншиж, энэ номоос сайн сайхан чанаруудыг аваасай гэж хэлмээр байна. Мөн бурхан багшийн сургаал биднийг сайн сайхан, соён гэгээрэлд хөтөлж чадах үнэ цэнтэй бүтээл учраас хүмүүсийн заавал унших бүтээл мөн” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (7542)