Б.НАНДИН

Дэлхийн хамгийн том арал болох Гринландын оршин суугчид парламентын сонгуульдаа оролцож байна. Тус арлын 41 мянган сонгогч парламентын Инацисартутийн 31 гишүүнийг сонгоход санал өгөх юм.

Сонгууль пропорциональ буюу нам бүрийн авсан саналын хувиар суудлыг хуваарилдаг тогтолцоогоор явагдаж байна. Нийтдээ 56 мянган хүн амтай Гринланд нь харьцангуй цөөн тооны сонгогчтой тул эхний дүн санал хураалт хаагдсанаас хойш хэдхэн цагийн дотор гарах бөгөөд батлагдсан эцсийн үр дүнг маргааш зарлах аж.

Гринланд нь тус арлаас 50 дахин бага газар нутагтай Данийн хаант улсад харьяалагддаг, Өөртөө засах эрхтэй муж улс юм. Данийн колони байсан тус арал 1953 оноос өөрийн төлөөлөгчдийг Данийн парламентад сонгодог болж, 1979 оноос Өөртөө засах эрхтэй болжээ.

Тиймээс Дани улсын хүн амын багахан хувийг бүрдүүлдэг ч геополитикийн хувьд чухал ач холбогдолтой болсон энэ цаг үед дээрх сонгууль болж байна. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ажлаа авсан эхний өдрөө Гринландыг худалдан авахаа мэдэгдсэн. Атлантын далайн хойд хэсэгт Америк, Европын дунд оршдог тус арал ашигт малтмалын нөөцөөр баялаг. Доналд Трамп хоёр дахь удаа сонгогдсоноос хойш анх удаа Конгресст үг хэлэх үеэрээ ч Гринландыг авах болно гэдгээ дахин мэдэгдсэн. Харин арал улсын удирдагчдаас татгалзсан мэдэгдэл хийсээр байгаа. Ерөнхий сайд Mute Egede “Гринланд бол зөвхөн биднийх” хэмээн мэдэгджээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард явуулсан санал хураалтаар арлын оршин суугчдын 85 хувь нь АНУ-ын харьяанд очихоос татгалзсан санал өгсөн байна.

Д.Трампын мэдэгдлээс шалтгаалан тус арал улсад Даниас тусгаар тогтнох тухай асуудал ч дахин хөндөгдөж эхэлсэн байна. Белферийн Шинжлэх ухаан, олон улсын харилцааны төвийн Арктикийн санаачилгын захирал Женнифер “Гринландыг авах тухай Трампын санаачилга арлын иргэдийн дэлхийтэй харилцах хүсэлд нь илүү их нөлөөлж байх шиг. Бүр цаашилбал бүрэн тусгаар тогтнолд хүргэхэд түлхэц өгч болох юм” хэмээн Аль Жазирад ярьжээ.

Нөгөө талаар АНУ тус арлыг өөрийн болгохоор мэдэгдсэн нь Данийн хаант улс болон Гринландын харилцааг илүү бэхжүүлсэн гэж дүгнэх судлаачид ч байна. Кембрижийн Их Сургуулийн Арктик судлалын профессор Ричард Пауэлл хэлэхдээ “Тусгаар тогтнол нь урт хугацааны томоохон зорилго хэвээр байгаа ч Трампын хөндлөнгийн оролцооноос шалтгаалж Гринландын ирээдүй Данийн хаант улстай илүү нягт хэвээр байх боломжтой” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 45 (7541)