Д.ОЮУНЧИМЭГ

Ипотекийн зээл санхүүжилтийн эх үүсвэрээс хамаараад нэлээд урт дараалал үүссэн. Гэсэн хэдий ч орон сууцтай болохдоо хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт арилжааны банкуудад ирсээр буй.

Бид аливаа зүйлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж бас хамгаалж сурах дадалтай болох нь чухал. Учир нь хий ачиж явсан машин дэлбэрсний улмаас хэчнээн айл өрх орон гэргүй болсныг монголчууд мартаагүй. Тэгвэл тухайн орон сууцны эзэд даатгалд хамрагдаагүй тохиолдол гарсан байна. Ялангуяа орон сууц худалдаж авахад амь насны даатгалд хамрагдах шаардлагагүй гэдэг. Гэхдээ даатгал гэдэг үг, үсэг бүрээр эрсдэлийг хааж байдаг тухай даатгалын компанийн ажилтан Х.Мөнгөнхишиг ярьж байна. Тэрээр “Орон сууцны төлбөр дээр даатгалын мөнгө авч байгааг мэдээд би үнэхээр гайхсан. Яагаад гэвэл надад даатгал хэрэггүй шүү дээ. Тиймээс шүүхээр заргалдаж даатгалаа зогсоон даатгалын мөнгө төлж байсан хугацааныхаа төлбөрийг буцааж авч байсан. Гэвч энэ бол миний амьдралын хамгийн гашуун туршлага байсан юм” хэмээн ярив.

Х.Мөнгөнхишигийг эзгүйд угаалгын өрөөний шугам задарч ус алдсаны улмаас нэлээд өр төлбөрт унасан гэдэг. Тэр л үед даатгал нь хэвийн төлөгдөөд явж байсан бол асуудлыг хүндрэлгүйгээр шийдвэрлэж болох байсан гэдгийг тэрээр учирлаж байлаа. Хэрэв даатгалд хамрагдсан хэвээр байсан бол доод айлынхаа засварыг даатгалын компаниар төлүүлэх боломжтой байсан ажээ.

Тэгвэл “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам” болон ипотекийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох бусад журамд ипотекийн зээлдэгч нь амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд заавал даатгуулах шаардлага тавигдсан байдаг.

Гэтэл практик дээр ипотекийн зээлдэгч нар нь зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг сонгон даатгуулдаг. Тэгтэл нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх голлох өвчний эрсдэлүүд даатгагдахгүй орхигдох нь бий. Мөн зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд даатгалын гэрээний сунгалт хийгдэхгүйгээс даатгалын хамгаалалтгүй болох тохиолдол ч гардаг байна. Түүнчлэн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр зээлдэгч, эсхүл гэр бүлийн гишүүдэд өндөр дүнтэй зээл төлөх санхүүгийн дарамт учрах зэрэг нэлээдгүй асуудал үүсдэг байна.

Иймд дээрх асуудлыг шийдвэрлэх, зохицуулалтыг олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилгоор “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос оруулжээ. Ингэснээр зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компаниудад даатгуулах харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгагчийн санал болгож буй бүтээгдэхүүнд хамрагдах юм байна.

Даатгалын багц дүрэмд тусгагдсан ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой энэхүү шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр даатгалын хамгаалалтын хэмжээ 5-6 дахин нэмэгдэж, даатгуулагчаас гадна түүний гэр бүл дээрх эрсдэлийн улмаас санхүүгийн хүндрэлд орох, орон байраа алдах зэргээс бүрэн хамгаалагдах боломжтой болно.

Мөн даатгалын гэрээг жил бүр сунгах шаардлагагүй болсноор оролцогч талуудад цаг хугацаа, зардлын хэмнэлт бий болох, ипотекийн даатгалтай холбоотой аливаа маргааны тоо буурах цаашилбал даатгуулагчдын эрх ашиг хамгаалагдах ач холбогдолтойгоос гадна урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох замаар ипотекийн зээлийн эко системд эерэг нөлөөг үзүүлэх давуу талтай хэмээн салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 45 (7541)