С.УРТНАСАН
Зүүн бүсийн түймрийн голомтод ажиллах шуурхай ажиллагааны ажлын хэсэг байгуулсан талаар, мөн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тусламж хүргэхтэй холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Архангай аймгийн Хайрхан суманд энэ сарын 9-нд Дорнод аймгийн Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил сум буюу нийт таван аймгийн 12 суманд 15 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дараах газруудад гарсан түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймрийн эрсдэлтэй 14 аймаг байгаа. Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг. Түймэр гарсан газарт салхины хурд нь 6-18 метр секунд хүртэл салхилдаг учраас түймэр унтраах ажлыг зохион байгуулахад алба хаагчдын амь насанд аюултай байдаг. Зарим тохиолдолд алба хаагчид салхиныхаа урд түймэрт өртөж болзошгүй айл өрхүүдийг түймрээс гаргах, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулдаг" гэв.
Мөн Улсын хэмжээнд гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 170 орчим мянган га талбай болон урьдчилсан байдлаар 38 гэр, дөрвөн чингэлэг, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3509 боодол өвс түймэрт өртсөн байна. Түймэр унтраасны дараа Засгийн газрын тогтоолоор түймрийн хохирлыг тогтоох сум, ажлын хэсгүүд ажиллаж байгаа ба хохирлын хэмжээг тогтоогоогүй байжээ. Мөн шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих Шуурхай ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү болон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг нар ахлан ажиллахаар болжээ.
Мөн ЭМЯ, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, ХХААХҮЯ, ХХЕГ, ЦЕГ, БХЯ,БОУАӨЯ зэрэг байгууллагын холбогдох албаны хүмүүс болон аймаг, орон нутгийн удирдлагууд газар дээр нь ажиллах аж. Уг ажлын хэсгийн хурлаар УОК-ын I албан даалгавар, тушаалын хэрэгжилтийг хангаж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, түймэртэй тэмцэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, түймрийн дараах сэргээн босгох, өртсөн иргэдэд тусламж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, салбар дундын уялдааг хангах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн байна.
Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ой, хээрийн гал түймрийн эрсдэлийг тогтоох, эрсдэлтэй бүс нутгийн тойм зураглалыг гаргаж, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэл бүхий нутаг байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хамгаалах зурвас татах арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулжээ.
Дундговь аймгийн Өндөршил, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад түймрийн дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд байгуулагдсан хоёр ажлын хэсэг зүүн аймгууд руу гарсан байна. Мөн шуурхай ажлын хэсэг байгуулагдсанаас хойш Шадар сайдын тушаалаар түймэрт өртсөн 25 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэл олгохоор шийдвэрлэжээ.
Тиймээс хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 45 (7541)