Б.БОЛОР

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од тэргүүтэй бизнесийн баг БНЧУ-ын Прагийн Хөрөнгийн биржид зочиллоо. Тус хөрөнгийн бирж нь 1871 онд байгуулагдсан 154 жилийн түүхтэй. 1991 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Европын томоохон биржүүдийн нэг юм байна.  

Арилжааны хувьд тогтвортой ажилладаг бөгөөд сүүлийн үед арилжааны нэр төрөл нь олширч, шинэчлэгджээ. Хөрөнгө оруулалтын сангийн арилжаа нь нэлээд идэвхжиж байгаа. 2018 онд нэвтрүүлсэн жижиг, дунд компаниудад зориулсан Star market үйлчилгээг хөгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн талаар Прагийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Петр Коблик танилцууллаа.

Прагийн биржийн хөрөнгийн захад гаргасан Бондын хэмжээ сүүлийн жилүүдэд байнга өсч байгаа. Европт хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаагаар тавдугаар байрт жагсдаг. Хувьцаа эзэмшигчдийн тоо байнга өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь хүмүүс хөрөнгийн захыг сонирхсоор байгааг харуулна гэдгийг Петр Коблик онцолж байлаа. Чехчүүд хөрөнгийн биржид IPO гаргах замаар хөрөнгө босгож байна.

Прагийн хөрөнгийн биржийн 90 гаруй хувийг эзэмшдэг Венагийн Хөрөнгийн бирж нь бондын хөрөнгө оруулалт татдаг томоохон бирж. 40 орчим улсаас нэг их наядын еврогийн хөрөнгө босгожээ. Манай улсын Улаанбаатар хот, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банкууд Венагийн биржээс бонд босгосон байна.

“Чех улсад хөрөнгийн бирж эрчимтэй хөгжиж байна. Цаашдаа эрчим хүчний зах зээл рүү идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Компаниуд төрийн өмчит байх бол хамгийн муу хувилбар, харин компаниуд олон нийтэд нээлттэй, хувьцаа эзэмшигчидтэй байх нь хамгийн сайн хувилбар” гэж Прагийн биржийн гүйцэтгэх захирал ярьсан юм.

Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул Монголын Хөрөнгийн биржийн талаар товч танилцуулга хийсэн бол Ерөнхийлөгч Л.Төр-Од Прагийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг 2025 оны долоодугаар сард болох Монголын эдийн засгийн форумд урьж, Баяр наадмыг үзэж сонирхож, Монголд аялахыг урилаа.

Эх сурвалж: zms.mn