Б.Нандин
Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег өнөөдөр Манилагийн онгоцны буудлаас баривчилсныг Филиппиний ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. 79 настай экс ерөнхийлөгчийг Интерполоор эрэн сурвалжилж байсан бөгөөд Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тогтоол гаргаад байсан юм.
Түүнийг баривчилж буй талаарх богино бичлэгийг охин нь өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна. Экс ерөнхийлөгч “Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй. Хууль хаана байна” хэмээн хэлж байгаа нь бичлэгт үлджээ.
Р.Дутертег хар тамхины эсрэг дайн нэрээр олон гэмгүй хүний аминд хүрсэн хэмээн Олон улсын шүүхээс буруутгаж байгаа аж. Р.Дутерте 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа улс орноо хар тамхинаас салгана хэмээн мэдэгдэж олон мянган хүний амь насыг хөнөөсөн гэгддэг. Түүнийг сонгогдсоноос хойш 12-30 мянга орчим энгийн иргэн хар тамхитай тэмцэх ажиллагааны улмаас амиа алдсан гэж Олон улсын эрүүгийн шүүхийн мэдээлэлд дурджээ.