Б.Нямсүрэн
Доналд Трампыг ерөнхийлөгч болсноос хойшхи сар гаруйн хугацаанд АНУ-ын хөрөнгийн зах зээл дөрвөн их наяд ам.долларын алдагдал хүлээснийг Уолл Стрийтээс мэдээллээ. Ялангуяа энэхүү алдагдал хөрөнгийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг дэлхийн хэмжээний Топ 500 компанийн хувьцааны уналтаас харагдаж байгаа юм. Д.Трамп ажлаа авмагцаа хамгийн гол эдийн засгийн түнш болох Канад, Мексик, Хятад зэрэг орнуудын эсрэг татварын хатуу бодлого баримталж эхэлсэн нь бизнес эрхлэгчид, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдын хувьд тодорхойгүй байдлыг үүсгээд байгаа. Түүний татварын шинэ бодлого хөрөнгө оруулалтыг түлхэж байгаа тухай шинжээчид анхааруулсаар байна.
“Wealth Enhancement”-ийн хөрөнгө оруулалтын ахлах стратегич Аяко Ёшиока "Бид сэтгэл хөдлөл хөрөнгийн зах зээлд яаж хүчтэй нөлөөлдөгийг одоо харж байна” хэмээн Ройтерст ярьжээ. Зөвхөн даваа гарагт гэхэд Топ 500 компанийн жишиг индекс 2.7 хувиар буурсан нь энэ жилийн хамгийн том уналт юм. Технологийн салбарынхнаас хөрөнгийн зах зээлд гол тоглогчоор нэрлэгддэг Nasdaq гэхэд пүрэв гаригт 12 дугаар сарын дээд цэгээсээ 10 гаруй хувиар буурчээ. “Apple”-ийн хувьцаа энэ долоо хоногийн эхний өдөр тав орчим хувиар, “Тесла” компанийн хувьцаа 15 хувиар унаж, 125 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр болсон байна.