Б.Нандин

Өнөөдөр өглөө Сөүл хотын зарим дүүрэгт хэт нарийн ширхэгтэй тоосонцорын агууламж их хэмжээгээр гэнэт нэмэгджээ. Гванжу дүүрэг дэх Намхансансон цамхагийн оройгоос авсан зургаас харахад хот нарийн тоосонд дарагдсан байдалтай байна.  Тиймээс Байгаль орчны яам болон Орчны бохирдолтой тэмцэх албанаас яаралтай арга хэмжээ авч эхэлснийг Ёнхап агентлаг мэдээлэв.

Хотын хэмжээнд оройн 21 цаг хүртэл нийтийн тээврийн зарим хөдөлгөөнийг хязгаарлах, хуучин дизель хөдөлгүүртэй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, агаарын чанарт нөлөөлөгч бодис ялгаруулдаг үйлдвэр, барилгын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг одоогоор гаргаад байна. Энэхүү нарийн тоосны улмаас PM 2.5 гэгддэг 2.5 микрометрээс бага диаметртэй тоосны нягтрал Сөүл болон төвийн бүс нутагт "муу" түвшинд үнэлэгдэж байгааг Солонгосын цаг уурын газраас мэдээллээ. Нөхцөл байдал маргааш ч мөн дээрдэхгүй, нарийн тоос ихтэй, нэмэлтээр шар тоосонцор гаднаас орж ирж байгаа тул агаарын чанар муу хэвээр байх магадлалтай байгааг мөн анхааруулжээ.

Цаг уурын албаны зүгээс тоосонцрын агууламжийг нэг куб метрт 0-15 микрограмм байвал сайн, 16-35 бол хэвийн, 36-75 бол муу, ​​76-аас дээш бол "маш муу" гэж ангилдаг байна.