C.УРТНАСАН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Цэц-Эрдэм” сургалтын төвийн “Тоглонгоо уншиж суръя” хөтөлбөрийг санаачлагч Н.Бадамсүрэнг урьж ярилцлаа.
Боловсролын салбар дах 13 жил
Блиц:
♦ 2012 онд Боловсролын удирдлагын магистр
♦ 2013-2020 онд “Эрдмийн Оргил” сургуулийн бага ангийн багш
♦ 2019 онд “Би багш” үндэсний төсөл нэвтрүүлгийн шилдэг оролцогч
♦ 2020-2025 онд ЕБ-ын Язгуур сургуулийн багш
♦ 2022 “Цэц-Эрдэм” сургалтын төвийн “Тоглонгоо уншиж суръя” хөтөлбөрийн санаачлагч
♦ 2023 Mova-Memo class төслийн ментор багш
-Боловсролын салбарт ажиллаад 13 жил болсон байна. Налайх дүүрэгт ажиллаж байх хугацаандаа багш нарын дунд зохион байгуулагддаг урлаг спортын болон өөрийгөө хөгжүүлж сайжруулах боломжтой бүхэнд нэлээд идэвх оролцоотой байв.
2019 онд Монголын шилдэг бага ангийн багш шалгаруулах “Би багш” зорилтот төсөл нэвтрүүлгийг Боловсролын яам, Боловсрол телевиз хамтран зохион байгуулахаар орон даяар сонгон шалгаруулалт явуулсан. Тухайн үед үе шаттайгаар оролцож шалгарсан 30 багш хагас жилийн хугацаанд хоорондоо ур чадвараараа өрсөлдөж байсан. Энэ нэвтрүүлгээр дамжуулан нийслэл, орон нутгийн үе үеийн шилдэг багш нартай өрсөлдөж өөрийн чадварыг ахиулсан.
“Би багш” нэвтрүүлэгт оролцсоноор багш эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, олон телевизийн ярилцлагад оролцсон. Хүмүүст нэлээд танигдсан учраас эцэг эх, багш нараас хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж зааж сургах вэ, яаж ажиллах вэ гэх мэт зөвлөгөө зөвлөмж авах сонирхолтой асуултууд ихээр ирдэг. Багш хүн мэргэжлийнхээ онцлогийн дагуу хүүхэдтэй хэрхэн ажиллахаа мэддэг. Харин эцэг эхчүүд учраа олдоггүй асуудлууд байдаг юм байна гэдгийг ажигласан. Тиймээс өмнө нь ажиллаж байсан туршлага, нэвтрүүлгийн сорилтуудад үндэслэн нэлээн судалгаа хийж 2022 онд “Хүүхэд бүхэн чадна” нэртэй эцэг эхчүүдэд зориулсан номоо гаргасан. Энэ номын хүрээнд эцэг эхчүүдтэй уулзаж зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах ажлуудыг хийж байв. Одоо ч энэ ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна.
Тухайн төсөл нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан аймгийн багш нартай Нийслэлийн хэмжээний ганц багш шалгаран үлдэж байсан. Богино хугацаанд олон зүйлд өөрийгөө сорьсон үр өгөөжтэй нэвтрүүлэг байсан. 2020 оны цар тахлын үед нийслэлдээ танигдан сургалт лекц зохион байгуулдаг багш нарт санал тавьж телевизээр 1-6 сар хүртэл хичээл заах ажилд томилогдсон нь ажлын ачаалал даах чадварт нэлээд сургасан. Зургаан сарын хугацаанд өдөр шөнөгүй бэлдэж монголын өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд хичээлийг зааж сургах чухал ажлыг биелүүлж байсан минь эргээд харахад бахархмаар үйл хэргийн минь нэг болон үлджээ.
Улсын хэмжээнд хүүхэд бүрд хүрч ажиллаж үзсэн нэг том сорилт бөгөөд боломж байсан гэж хардаг. Тэдгээр хичээлүүд нь боловсролын яамны сайтад Medlee.mn нэртэйгээр байршсан. Түүнээс ямар ч хүүхэд дөрөвдүгээр ангийн мэдлэгийг авах боломжтой. Энэхүү үйл явдалд өөрийн мэдлэг чадвар, арга зүйг бодитоор үлдээж чадсан ажил байж гэж харан баярладаг.
Багш хүн заахаас илүү судлаач байх ёстой
-Бага ангийн багш 6-10 насны хүүхдүүдтэй харьцдаг. Хүүхэд бүрийн нас насны онцлог өөр учраас тухайн ангид суралцаж байгаа хүүхдийн онцлог ялгааг ажиглаж, илрүүлж, оношилж дүгнэлт хийдэг. Түүнийхээ үндсэнд тухайн хүүхэдтэй хэрхэн ажиллах арга зүй, арга барилаа бодож боловсруулж ажиллана. Зургаан настнуудын хувьд сарын зөрүүтэй байдал нь сурах арга барилын хувьд ч өөр, ялгаатай байдаг. Сурах арга барилын ялгаатай байдлын хувьд эхийн хэвлийд байхаасаа хүүхдийн суурь хүмүүжил нь тавигддаг гэж үздэг. Төрөөд сургуулийн өмнөх боловсролд ямар чадвар эзэмшсэн байна вэ, яаж суралцсан байна вэ гэдгээс шалтгаалж хүүхдийн сурах онцлог нь тодорхойлогддог. Түүнээс улбаалж сургуульд ороход нь тухайн хүүхдийн өөрийгөө илэрхийлэх байдал, төлөвшил дээр нь ажиглалт судалгаа хийсний үндсэн дээр хүүхдийг сургах үйл явц руу нь чиглүүлдэг. Үүнийг мэдэрч ажиллах нь багш хүний хамгийн чухал чадвар.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 31 (7527)