С.УРТНАСАН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг. Энэ удаагийн зочноор АНУ-ын TOEFL-ийн шалгалтын итгэмжлэгдсэн E-pen төвийн зөвлөх багш Г.Шүр-Эрдэнийг урилаа.

 

Монгол хүүхдүүд төрөлх хэлээрээ ярьж чадахаа больж байна

Блиц:

АНУ-ын TOEFL-ийн шалгалтын итгэмжлэгдсэн төвийн зөвлөх багш

Залуучуудын боловсрол судлалын төвийн багш

СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургуулийн мэргэжлийн англи хэлний багш

Мон Алтиус их сургуулийн биеийн тамирын багш

Английн аяллын зуучлагч

-Дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь нь англи хэлийг нэгдүгээр хэлээ болгоод харилцаад явж байна. Өөрөөр хэлбэл, олон хүчирхэг орнууд англи хэлээр ярьж байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжил эрчимтэй явагдаж англи хэл дээр маш их хэмжээний мэдлэг үйлдвэрлэгдэж байна. Хэрэв бид хэл сурахгүй яваад байвал хэлтэй хүмүүсээс хэд хэдэн алхмын хойно л байна гэсэн үг. Англи хэлтэй, хэлгүй хоёр хүн байлаа гэхэд хэлтэй хүн нь интернэтээр ороод шууд мэдээллээ авч байхад хэл мэддэггүй хүн нь тэр мэдээллийг орчуулж өгөхийг хүлээнэ гэсэн үг. Хүн мэдээллээ илүү авч, ойлгож байх тусам амжилт нь илүү байна гэсэн үг. Мөн ажлын байран дээр ч хэлтэй хүн сонгогдож байгаа. Хэлээр дамжуулж илүү сайн харилцаа бий болдог учраас тухайн компанид хэл мэддэг хүн илүү ашигтай учраас ажилд орж чадна. Товчоор бол хэл мэдэхгүй хүн боломжийн хувьд хэлтэй хүмүүсээс хэдэн алхмын хойно л явна гэсэн үг. Миний хувьд сүүлийн 20 жил монгол хүүхэд, залуучуудыг гадны олон улсын их дээд сургууль болон мужийн сургуулиудад сурахад нь дэмжлэг өгч ажиллаж байна. Ингэхдээ Засгийн газрын тэтгэлэгт хамруулах, сургалтын төлбөр болон байр хоол, онгоцны зардлыг нь даасан тэтгэлэг авах арга замыг нь зааж бакалавр, магистр, докторын түвшинд бэлддэг. Сүүлийн гурван жилд IELTS-д мөн бэлдэж байна. IELTS, TOEFL-д бэлдэж байх хугацаанд ажиглагдсан зүйл бол манай улсын хүүхдүүдийн гадаад хэлний чадвар нэлээд сайжирсан. Гэхдээ зарим үед эмзэглэх асуудлууд гарч байгаагийн нэг жишээ нь монгол хүүхдүүд төрөлх хэлээрээ зөв ярьж чадахаа больж байна. Хүүхдүүдийн дунд эх хэлний үгийн баялаг муудсан, монгол хэлний өгүүлбэрийн бүтэц алдагдсан зэрэг олон асуудал байна. Энэ нь сүүлийн жилүүдэд маш их анзаарагдаж байна.

 

Монголын түүх соёлын материалуудыг шалгалтын формат руу оруулж байна

 

-Сүүлийн жилүүдэд хүүхдүүд англи хэлээр маш сайн уншиж, бичиж, ойлгож чаддаг болж байна. Гэвч монгол хэлээр зарим үгсийг мэдэхгүй, алдаатай бичиж байна. Уг нь мэдээ мэдээлэл их болж хүүхдүүд одон орон, дэлхий, галактик, техник технологийн талаар мэдээлэлтэй болсон. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд юүтүб болон төрөл бүрийн киноноос мэдээлэл авч чадаж байна. Гэвч TOEFL, IELTS-ийн шалгалтад бэлдэж байгаа хүүхдүүд өөрийн улсынхаа түүх соёл, хэлний талаарх мэдээллийг гадаад хэл дээр авч байгаагаас шалтгаалан сөрөг зүйлс илэрч байгааг мөн анзаарлаа. Тодруулбал, хүүхдүүд TOEFL, IELTS-ийн шалгалтад олон цагаар бэлдэж буйгаас үүдэж өөрийн улсын түүх соёлын мэдлэггүй болж үлдэж байна. Тиймээс сургалтын формат руу Монголын түүх, соёлын тухай материал бэлтгэн оруулахад нэлээд цагийг зориулж ажиллалаа. Ингэхдээ англи хэл дээр гаргасан эрдэм шинжилгээний материалуудыг эрдэмтний зөвшөөрөлтэйгөөр унших дасгал болгож хөрвүүлээд, тухайн унших дасгалуудаас нарийн шүүж TOEFL дээр ирдэг дүрмийн шалгалтын хэлбэрүүд рүү оруулж тестүүдийг зохиож байна. Монголч эрдэмтэд Монголынхоо тухай ийм их зүйлийг түүхийн судалгаатай нь бичиж байгаа дээр тулгуурлаад ахлах сургуулийн хүүхдүүдэд энэ талын мэдээллийг хүргэхийг зорьж байна.

 

Сургалтын төвд хандсанаар тэтгэлэгт хамрагдах боломж өндөр байдаг

 

-Англи хэлийг сурах арга барил нь түвшин түвшнээсээ хамаараад өөр. Монголын нөхцөл байдал буюу англи хэлгүй орчинд анхан шатнаас нь эхэлж сурах гэж байгаа бол англи хэлээр сайн ярьдаг хүнтэй эхэлсэн нь дээр байдаг. Яагаад гэвэл анхан шатанд ганцаараа эхлэхээр хүн олон юмыг буруу сурах хандлагатай. Сургалтын төвд очих, хувиараа багш авах зэргээр эхлэх хэрэгтэй. Дунд шат руу ороод бие дааж, өөрийн сонирхдог дуу хөгжим сонсох, кино үзэж ойлгох, интернэтээс өргөн мэдээлэл авах зэргээр сурч болно. Энэ бол мөнгөө хэмнэж сурах арга барил. Гэхдээ нэг сул талтай. Багшгүйгээр сурч байгаад ямар нэг юмыг буруугаар ойлгоод, буруугаар яриад, буруугаар бичээд сурчих магадлалтай. Энэ нь тухайн хүнд тогтсон алдаа болоод ирэхээрээ төвөгтэй. Англи хэлийг системтэй, үндэс суурьтай, бичиг болон ярианы хэлийг төгс суръя гэвэл сайн багш, сайн сургалтын төвийг сонгож суралцах нь үр дүнтэй байдаг.Гэхдээ сургалтад сууж байгаа хүмүүсийг анзаарахад сургалтад ирээд л суучихад болно гэсэн бэлэн сэтгэлгээтэй ирдэг. Бүх юмыг нь халбагадаж өгсөөр байгаад өөрсдөө бүр зажлахаас дургүй болчихсон ч юм шиг. Хэлийг ямар нэг байдлаар өөрийн зорьсон хэмжээнд сайн суръя гэсэн тохиолдолд сайн багштай байгаад оюутан өөрөө хичээхгүй бол явдаггүй эд. Тиймээс өөрөө сурсан юмаа хэрэглэж, хэрэглээнд оруулж амьд болгохгүй бол энэ маань өөрөө үхмэл болоод ирдэг. Манай сургалтын төвд гадаадад тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй 70-130 орчим хүн ханддаг. Зарим нь орон нутгийн болон засгийн газрын тэтгэлэгт хамрагдах сонирхолтойгоор материалаа өгсөн байдаг. Тэтгэлэгт бэлдэж байгаа хүүхдүүдийг харахад эх орон, үнэт зүйлээ мэдэхгүй байгаа нь хамгийн том асуудал болж байна. Тиймээс TOEFL-ийн шалгалтыг монголч эрдэмтдийн олон улсад гаргасан судалгаа  шинжилгээний материалд тулгуурлан  дахин боловсруулах хэрэгтэй гэж бодож байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд судалгаа, шинжилгээ хийж байна. Хэрэв сургалт болон шалгалтад энэ төрлийн агуулга орж ирвэл монгол хүүхдүүдийн сэтгэлгээ өөрчлөгдөж, эх орон, түүх соёлоо мэдэх, таних боломжтой болно.

 

Боловсролын тухай хуульд гадагшаа сурч буй хүүхдийн дүнгийн хуулгыг гаргаж өгөх талаар суулгаж өгөх хэрэгтэй байна

 

-Гадны сургуулиудад элсэх гарц болдог томоохон шалгалтууд хүний дөрвөн чадварыг шалгадаг. Сонсох, ярих, унших, бичих. Тэгвэл дээрх дөрвөн чадвар нь хоёр хэсэгт хуваагддаг. Input буюу тухайн хүн өөрөө олж авч, мэдэх боломжтой чадвар. Үүнд унших, сонсох чадварууд орно. Юмыг сонсоод, юмыг уншаад өөртөө өгөгдөл бий болгоно.Надад өгөгдөл болдог энэ хоёр чадвараа хөгжүүлбэл уншиж, ойлгодог болно, үгсийн сан сайжирна. Гэхдээ Output буюу гаргалгаа болох бичих, ярих чадварууд зайлшгүй хэрэгтэй. Зөвхөн юмыг сонсоод яриад байх юм бол яриа илүү хөгжинө. Эсвэл уншсаар байгаад үгсийн сантай болчихсон хэдий ч яриагаар гаргаж чадахгүй бол бас л доголдолтой. Дөрвөн чадварыг жигд хөгжүүлэхийн тулд манай сургалтын төв өгөгдөл буюу сонсгол, уншлага хоёр байнга хийлгэж байгаа. Сонсгол, уншлага хоёроосоо дүрэм, үгсийн сан сурлаа. Дүрэм, үгсийн сантай болчихсон, яаж хэрэглэдгийг нь мэддэг болсных нь дараа яриулна. Ярьдаг болчихсон хүн бичиг рүү ордог. Амаар гаргаж байгаа зүйлээ бичигт буулгах чадвартай болдог. Ийм л байдлаар хэл өөрөө жигд хөгжих боломжтой. Эдгээр чадварыг эзэмшсэн байхад гадны ямар ч сургуульд элсэх боломжтой. Сонирхуулахад, Америкийн их дээд сургуулиудын ес дүгээр сараас материал хүлээж авч эхэлдэг. Монголчуудын хувьд материалаа цагт нь өгдөггүйгээс болж материал нь хойшлох тохиолдол их гардаг. Мөн Боловсролын хуульд гадагшаа явах хүүхдийн дүнгийн хуулгыг олон улсын стандартын хувьд зааж өгөөгүйгээс болж сургуулиуд гаргаж өгдөггүй. Бүр мэддэг ч үгүй. Тийм учраас материалууд нь хоцрох асуудал үүсдэг. Үүнээс болж эцэг эхчүүд над шиг үйл ажиллагаа явуулдаг хүнийг дарамталж иргэний шүүхийн маргаан үүсэхэд хүрдэг асуудлууд мөн байдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)