Б.ЖАВХЛАН
"THE MONGOLZ" баг Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар "THE MONGOLZ" багт болон электрон спортын цаашдын хөгжилд иж бүрэн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Электрон спортын төрөл нь 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан “ХАНЖОУ 2022” зуны Азийн 19 дүгээр наадамд дөрвөн төрлөөр багтаж эхэлсэн бөгөөд 2026 онд Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд найман спортын төрлөөр хөтөлбөрт багтаад байгаа билээ.

"The MongolZ" баг сүүлийн жилүүдэд Азийн “COUNTER STRIKE 2” төрлийн бүхий л рекордуудыг эвдэж, дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Тус баг тун удахгүй эх орноосоо мордож, “ESL Pro League Season-21” болон Швед, Дани, АНУ, Австрали, Румын зэрэг улсуудад зохион байгуулагдах чансаа өндөртэй тэмцээнүүдэд өрсөлдөх гэж байна. 

Тус багийнхан "The MongolZ" баг сүүлийн жилүүдэд Азийн Counter-Strike түүхэнд урд хожид байгаагүй амжилт гаргаж, шинэчилсэн рекордууд тогтоож байгаа нь үнэлэгдэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид болсноор албан паспорт эзэмших, цалин авах, гадаад дахь бэлтгэлийн зардалд дэмжлэг авах зэрэг олон боломж нээгдэнэ. Улмаар шигшээ багийн тамирчид гадаадын тэмцээнүүдэд оролцохдоо зарим улс руу визгүй зорчино. Харин визтэй улс орнуудын хувьд түгээмэл тулгардаг цагтаа виз гараагүйн улмаас тэмцээнд оролцох боломжгүй болох зэрэг асуудлууд илүү цаг хугацааны хувьд уян хатан болох гэх мэтчлэн олон давуу талтай болж эхлэх нь ээ. Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газар цаашид The MongolZ багт болон электрон спортын хөгжил түүнчлэн төрөл бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болно гэдгээ мэдэгдлээ" хэмээжээ.