Б.НАНДИН
Жил бүр дэлхийн хамгийн олон улс оронд визгүй зорчих эрхтэй хүчирхэг паспортыг нэрлэдэг Henley passport index-ийн 2025 оны жагсаалт саяхан шинэчлэгджээ. Энэхүү мэдээллийг Лондонд төвтэй дэлхийн иргэншил, оршин суух эрхийн зөвлөх фирм болох "Henley & Partners"-аас бэлтгэн мэдээлдэг уламжлалтай. Ингэхдээ Олон улсын агаарын тээврийн нийгэмлэгийн (IATA) онцгой мэдээллийг ашиглан дэлхийн 227 улс орон, нутаг дэвсгэрийн паспортыг харьцуулан гаргадаг.
20 дахь удаагийн жагсаалтыг Сингапурын улаан паспорт дэлхийн нийт 193 оронд визгүй зорчих боломжийг олгодогоороо тэргүүлсэн байна. Харин Япон улсын паспорт хоёрдугаар байрт бичигджээ. Тус улс Ковид-19 цар тахлаас хойш Хятад улс руу визгүй зорчих эрхээ сэргээснээр нийт 193 улс, оронд визгй зорчих эрхтэй болсон. Харин гуравдугаар байрт нэг биш нэлээд хэдэн орон багтаж байна. Франц, Герман, Итали, Испани, Финлянд зэрэг Европын орнуудаас гадна Өмнөд Солонгос улс нийт 192 чиглэлд урьдчилан виз авах шаардлагагүйгээр зорчих эрхийг олгодог. Дөрөвдүгээр байрт мөн л Европын хэд хэдэн улс багтсан байна. Тухайлбал, Европын Холбооны 425 сая гаруй иргэнийг чөлөөтэй зорчих эрхийг баталгаажуулдаг Шенгений бүс гэгддэг Австри, Дани, Ирланд, Люксембург, Нидерланд, Норвеги, Швед зэрэг улсуудын паспортоор 191 чиглэлд визгүй зорчих эрхтэй. Тавдугаар байрт мөн л Европын улс орнууд болох Бельги, Шинэ Зеланд, Португал, Швейцарь, Их Британи гэсэн таван улс орсон бөгөөд энэ улсын иргэд дэлхийн 190 чиглэлд визгүй зорчдог.
Манай улсын улаан паспорт 65 чиглэлд визгүй зорчуулдаг тоон үзүүлэлтээр 72 дугаар байрт багтжээ.
Жагсаалтын эсрэг талд сүүл мушгисан зарим улсуудаас дурдахад, 106 дугаар байрт Афганистан улсын паспортаар 26 улс оронд нутагт визгүй зорчдог бол Сири 105-т (27 чиглэл), Ирак 104 дүгээр байрт (31 чиглэл) оржээ.