З.БАТЦЭЦЭГ

Германы эрдэмтэд жин нэмэх нь аз жаргалын түвшинд төдийлөн сөрөг нөлөө үзүүлдэггүйг тогтоожээ.  Үнэндээ жин нэмэгдэх нь аз жаргал нэмэгдэхтэй холбоотой байж болох юм. Энэ нөлөө нь хүйс, наснаас үл хамааран хүмүүст ажиглагддаг талаар Олон улсын хэрэглээний эерэг сэтгэл судлалын сэтгүүлд (IJAPP) нийтэлсэн байна. Судалгаанд 25-60 насны 8815 хүн хамрагдаж,  2011-2021 он хүртэл арван жилийн хугацаанд ажиглалт хийжээ. Ингэхдээ аз жаргалыг 0-10 оноогоор үнэлж, хүний биеийн жин, өндрөөр тооцдог биеийн жингийн индексийн (BMI) мэдээлэлд үндэслэн тогтоосон байна.  Судалгаагаар биеийн жингийн индекс өөрчлөгдөхийн хэрээр аз жаргалын түвшин хэвээрээ эсвэл бүр нэмэгддэг нь тогтоогджээ. Мөн биеийн жингийн индекс 22-30 болж өссөн эрэгтэйчүүдэд аз жаргал бага зэрэг боловч статистикийн хувьд мэдэгдэхүйц өсөлт ажиглагдаж, эмэгтэйчүүдийн амьдралын сэтгэл ханамжийн түвшин BMI 27-д тогтворжиж, цаашид жин нэмэхэд буураагүй байна.
Энэ талаар Лейбницийн нэрэмжит Боловсролын чиглэлийн хүрээлэнгийн судалгааны зохиолч Феликс Биттманн “Орчин үеийн биеийн эерэг хөдөлгөөнүүд нь нийгэмд жингийн талаарх сөрөг ойлголтыг бууруулахад тусалж байгаа байх. Жин нэмэгдэх нь аз жаргалд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт үнэхээр гайхалтай байсан. Гэсэн хэдий ч энэ нь хүмүүс жингээ хасахыг хичээдэггүйг тайлбарлаж байна. Жин нэмэх нь тэдэнд сэтгэлзүйн таагүй байдал үүсгэдэггүй” гэжээ. Цаашид эрдэмтэд жин, аз жаргалын талаарх ойлголтод соёл, нийгмийн хүчин зүйлс нөлөөлж, жин нэмэх эерэг нөлөөг тайлбарлах механизмуудыг судлахаар төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж: zms.mn