Б.Нандин
Орос Украины дайн эхэлсний гурван жилийн ойг тохиолдуулан АНУ энэхүү дайныг хэрхэн дуусгах тухай товч төлөвлөгөөгөө баасан гарагт танилцууллаа. Даваа гарагт НҮБ-ын Ерөнхий ассамблейд өргөн барихаар төлөвлөж байгаа энэхүү товч төсөл нь гурван заалттай бөгөөд “мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг шаардаж, Украин, Оросын хооронд бат бөх энх тайван тогтоохыг" уриалсан.  АНУ-ын гаргасан энэхүү товч төслийг Оросын тал тааламжтай хүлээн авч байгаа ч "мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриалж байна" гэсэн үгийн ард "мөргөлдөөн үүсэх болсон үндсэн шалтгааныг арилгах замаар" гэсэн тодотголыг нэмж  оруулахыг санал болгосон байна.
Энэхүү төслийн өмнө Украин болон Европын Холбооноос энх тайвныг тогтоох тухай төслийг НҮБ-д өргөн бариад байгаа. Уг төсөлд "дайныг энэ онд зогсоох зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад", цаашид хурцадмал байдал үүсэх эрсдэлийг бууруулж, Украинд шударга, бат бөх, цогц энх тайвныг тогтоохын тулд дипломат хүчин чармайлтыг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой" гэсэн байна. 
Энхийн хэлэлцээ ид яригдаж байгаа энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дайны тусламжийн нөхөн төлбөрт 500 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий газрын баялгийг Украинаас авах тухай хэлэлцээрийг эхлүүлээд байгаагаа баасан гарагт мөн мэдэгдсэн. 
Тэрээр өнгөрсөн мягмар гаригт Орос Украины асуудалд Украин гурван жилийн өмнө энэ дайныг эхлүүлэх ёсгүй байсан хэмээн мэдэгдэж дотооддоо болон олон улсын зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд байсан. Харин гурав хоногийн дараа Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ОХУ дайныг эхлүүлсэн ч тухайн үед Ж.Байден болон В.Зеленский дайны нөхцөлд хүргэхгүй байх боломжтой байсан хэмээн буруутгажээ. Тэрээр “Бид эрдэнэсээ зарцуулж байна, харин тэд цусаа урсгаж байна. Хэрэв би ерөнхийлөгч байсан бол энэ дайн эхлэхгүй байх байсан” гэсэн байна. Тэрээр мөн гурван жилийн өмнө Орос улс Украйн руу эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа эхлүүлснийг хэвлэлийнхний өмнө хүлээн зөвшөөрч, АНУ дайныг зогсоох асуудлаар Украинтай тохиролцож, Киев газрын ховор элементийн хэлэлцээрт ойрын үед гарын үсэг зурж баталгаажуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
АНУ-тай хийж буй дайны нөхөн төлбөрийн талаар хэлэлцээрийн төсөл үргэлжилж байгааг В.Зеленский батлаад “хамгийн гол нь үр дүн шударга явагдах ёстой гэж найдаж байна” гэсэн байна. 
Европын холбооны санал болгож буй энхийн хэлэлцээрийн асуудлаар Франц болон Их Британийн удирдагчид ойрын үед АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөсөн байна. Даваа гарагт Францын ерөнхийлөгч Э.Макрон Д.Трамптай уулзах бол мягмар гарагт Их Британийн Ерөнхий сайд К.Стармер АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзах юм. 

Эх сурвалж:www.zms.mn