Гэрэл зургийг Р.Оюун

"Мазаалай" олон улсын мөсөн сийлбэрийн уралдаан "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д энэ сарын 22-ныг дуустал үргэлжилж байна. Монголын говь цөлд цөөн тоогоор амьдардаг, улаан номын нэн ховордсон амьтны жагсаалтад бүртгэгдсэн энэ амьтныг хамгаалах, тоо толгойг нэмэх зорилготой аж. "Мазаалай" олон улсын мөсөн сийлбэрийн уралдааны 28 шилдэг бүтээлийг энд тавьжээ. Энэ талаарх гэрэл зургийн сурвалжилгыг хүргэж байна.

Хүүхдүүд мазаалайн мөсөн барималыг үзэхийн зэрэгцээ мөсөн гулгуур дээр наадан тоглож байв.

Уран бүтээлч Д.Мэндбаяр "Мазаалай зөвхөн Монголд" бүтээлээрээ зөвхөн Монгод амьдардаг ховордож буй мазаалай баавгайг харуулахыг зорьжээ.

Уран бүтээлч Алтанхүү "Бодол". Тэрээр мазаалай том газар нутагт тархан амьдардаг учир бие биеэ олж үржих нь хүндрэлтэй байдаг. Энэ нь тэдний тоо толгой эрс багахад ч нөлөөлсөн байх магадлалтай гэж үздэг тул энэ бүтээлээр алсыг ширтэн ижил төрлөө харуулдан бодолд орж буй мазаалайг илэрхийлжээ.

Уран бүтээлч Д.Энхбат "Мазаалайн дуудлага". Мазаалайг бүгд хайрлан хамгаалж, өсгөн үржүүлэхэд дуу нэгдэн дуугарахыг уриалан дуудлага хийж байгааг илэрхийлсэн байна.

Уран бүтээлч Д.Мөнхбаатар "Усны сахиус". Мазаалай говьд амьдардаг ба усны судал олж гаргадаг болохоор сахиус ч гэж нэрлэдэг амьтан.

Уран бүтээлч П.Дашбаяр "Сониуч мазаалай". Мазаалай их сониуч амьтан. Газар малтан хорхой шавж хайх, өвс ургамал олохоор байнга газар малтдаг. Тэгээд элдвийн шинэ содон зүйл олбол ихэд нандигнадаг байна.

Уран бүтээлч Ч.Тогтохбаяр "Циркчин". Тэрээр энэ бүтээлээрээ хүрэн баавгайн циркийн үзүүлбэр хийдэг шиг магадгүй мазаалай баавгайн тоо толгой нэмэгдэж цирк тоглох байх гэсэн утга санааг илэрхийлж байна. 

Эх сурвалж www.zms.mn