Эрүүл мэндийн байгууллагууд биеийн тамирын талаар ямар ямар үйл ажиллагаа явуулах вэ?
Эрүүл мэндийн яам нь хүний эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах талаар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1.халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга, нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах;
2.хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад сэргээн засах тусламж, үйлчилгээ, эмчилгээний биеийн тамирын дасгал, хөдөлгөөнөөр хүний эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах;
3.спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчны эрүүл мэндэд хяналт тавих үйлчилгээг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх.
Эрүүл мэндийн байгууллагууд биеийн тамирыг хөгжүүлэх талаар ямар үүрэгтэй ажиллах вэ?
Эрүүл мэндийн байгууллагууд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн биеийн тамирын үйл ажиллагааг зохион байгуулах; өвчтөнд нөхөн сэргээх эмчилгээ хийхэд биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг ашиглах, биеийн тамирын арга зүйчтэй хамтран ажиллах; хүний эрүүл мэндийг дэмжсэн хамтарсан сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
Спортын холбоо ямар чиг үүрэгтэй вэ?
Спортын холбоо ёс зүйтэй, хүмүүнлэг, бүтээлч, эрүүл чийрэг иргэн бэлтгэх, эерэг хандлага түгээх зорилгоор тухайн спортын төрлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн тодорхой хөтөлбөрийн дагуу бодитой, байнгын үйл ажиллагаа эрхлэн, улсын болон олон улсын тэмцээнд оролцох, зохион байгуулах, сургалтын ажил эрхэлнэ.
Спортын холбоо сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэлтэй байж болно. Спортын холбоо нь нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон нэг төрлийн спортын салбартай байж болно. Спортын холбоо нь салбар холбоо, спортын клубээр дамжуулан иргэнд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
Спортын холбоо ямар үйл ажиллагаа явуулах вэ?
Спортын холбоо дараах үйл ажиллагаа явуулна.
1.спортын тэмцээний заавар, тухайн жилийн тэмцээн, наадмын хуваарь батлах;
2.улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарьт оруулах саналаа биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
3.олон улсын дүрмийн дагуу тухайн спортын төрлийн дасгалжуулагч, спортын шүүгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, ажиллах эрхийг хязгаарлах, хасах;
4.спортын клубийг холбооны гишүүнээр элсүүлэх, тухайн спортын төрлөөр сургалт, дасгалжуулалт эрхлэх зөвшөөрөл олгох;
5.спортын тэмцээн, наадмын үед олон улсын дүрмийн дагуу тоглолтын үр дүнд нөлөөлөхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийг тухайн спортын тэмцээн, наадмын үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлах, хасах;
6.тамирчин, биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч, тамирчны ёс зүйн дүрмийг баталж, мөрдүүлэх;
7.спортын холбооны ёс зүйн зөвлөл байгуулах;
8.биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх орон тооны бус Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх;
9.тамирчны сургалт, дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, шигшээ баг бүрдүүлэн спортын тэмцээн, наадамд оролцуулах;
10.тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох, бууруулах, хасах;
11.холбооны бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулсан спортын тэмцээн, наадам, тамирчны амжилт, спортын цол, зэрэг, гишүүнчлэлийн талаарх өөрчлөлтийг мэдээллийн цахим санд тогтмол шинэчлэх;
12.тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
13.биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахад спортын сайн дурын ажилтныг оролцуулах;
14.спортын төрлийн үйл ажиллагаа, сургалт, дасгалжуулалт, орчны стандартыг боловсруулах.
Спортын холбоо дараагийн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам зохион байгуулах танилцуулга, шаардлагатай төсвийн саналыг тухайн жилийн 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Спортын клуб, ямар үйл ажиллагаа явуулах вэ?
Спортын клуб нь иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхлэн, сургалт, дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлэх, ёс зүйтэй, хүмүүнлэг, бүтээлч, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлнэ.
Спортын клуб спортын нэг төрлийн сургалт, дасгалжуулалтын үйл ажиллагаанд тухайн спортын үндэсний стандартыг мөрдөх боломжгүй тохиолдолд олон улсын спортын холбооноос гаргасан сургалт, дасгалжуулалтын хөтөлбөрийг мөрдөнө.
Сургалт, дасгалжуулалтын үйл ажиллагааг удирдах, хянах зорилгоор дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйч ажиллуулж, хичээллэгчийн эрүүл мэндийн байдалд мэргэжлийн байгууллагын хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулна.
Хүүхдийг спортын тэмцээн, бусад арга хэмжээнд оролцуулахад багш, дасгалжуулагч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцан ажиллана.
Спортын клубийг оршин байгаа газрын аж ахуйн нэгж, байгууллага, бүх шатны боловсролын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ажиллуулж болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 34 (7530)