Ц.МЯГМАРБАЯР

 

2020 онд Европын Холбоо Монгол Улсын Засгийн газартай Төсвийн дэмжлэгийн 50.8 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгуулсан байдаг. Энэ төсвийн дэмжлэг нь манай улсын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой. 60 сарын хугацаанд хэрэгжиж буй уг санхүүжилтийн гэрээ 2025 оны тавдугаар сард дуусах ч цар тахлаас үүдэлтэйгээр 2026 оны тавдугаар сар хүртэл сунгагджээ. Уг санхүүжилтийн гэрээний онцлог нь итгэлцэлд суурилсан. Урьдчилсан тохирсон бодлогын шалгуур үзүүлэлтийг ч мөн адил хугацаанд хангаснаар төсвийн дэмжлэгийг жил бүр төрийн санд шилжүүлэх нөхцөлтэй юм. Нийт дэмжлэгийн мөнгөн дүнгээс 43 сая еврог улсын төсөвт шууд  7.4 саяыг нь техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр өгч байна. Гагцхүү энэ мөнгө өнгөрсөн хугацаанд хөдөлмөр эрхлэлт болон төсөв санхүүгийн удирдлагын салбарт хэрхэн бодит дэмжлэг болсон талаарх мэдээлэл хомс байна.

 

Төсвийн дэмжлэгийн 35 сая евро Монгол банкны төрийн сангийн дансанд шилжсэн байна

 

Өнөөдрийн байдлаар Европын холбооны төсвийн дэмжлэгийн 43 сая евроноос төсөвт 35 орчим сая евро нь шилжсэн байна. Тухайлбал, 2020 онд дөрвөн суурь нөхцөлөө хангагдсан гэж үзээд 16 сая еврог шилжүүлсэн бол  2021 онд 6.2 сая евро олгосон. Нэмээд  хувьсах транчаас 5.5 сая еврог шилжүүлэх байсан ч цар тахлаас шалтгаалж 2.2 сая еврог төсөвт шилжүүлсэн аж. 2022,2023 онд тус бүр 6.5 сая еврог өгөөд байна. Үүн дээр нэмээд, 2024 онд суурь нөхцөл болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг үнэлж нийт 5,315 сая еврог өгөхөөр болсон аж. Манай улс бага, буурай хөгжилтэй улсуудтай харьцуулахад төсвийн дэмжлэг авах суурь нөхцлөө жил бүр сайн хангадаг гэсэн үнэлгээтэй. Суурь нөхцлөө олон улс хангаж чаддаггүй байна. Суурь нөхцлийг дөрвөн шалгуур үзүүлэлтээр хөндлөнгийн үнэлгээгээр үнэлдэг байна. Уг шалгуур үзүүлэлтэд хөдөлмөр эрхлэлтийн салбарт гарсан бодлогын ахиц, төсөв санхүүгийн удирдлагын тогтолцоонд гарсан эерэг өөрчлөлт, макро эдийн засгийн бодлогын тогтвортой байдал, төсвийн ил тод байдал зэрэг үзүүлэлтүүд багтдаг байна. Тус гэрээний онцлог нь зөвхөн суурь нөхцөл биелсэн тохиолдолд бодлогын түвшний долоон шалгуур үзүүлэлтийг мөн хөндлөнгийн үнэлгээгээр үнэлж, шалгуур үзүүлэлт тус бүрийн гүйцэтгэлээр төсвийн дэмжлэгийг олгодог байна. Бодлогын түвшний шалгуур үзүүлэлтүүдийг Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам ханган ажилладаг байна. Гэхдээ  Европын Холбооны төсвийн дэмжлэгийн мөнгө хэрхэн эдгээр яамдуудад төрийн сангаас хуваарилагдаж, яамдууд уг мөнгийг хэрхэн зарцуулж, ямар үр дүн үр дүн, ахиц дэвшил гарсан талаар мэдээлэл ил тод бус байна. Уг мэдээллийг яамдууд олон нийтэд мэдээлэх ёстой. Мөн энэ дэмжлэгийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх учиртай. Хэлэлцүүлгийг өрнүүлэхээр төлөвлөж буйг эх сурвалж хэлсэн.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлэхдээ “ Төсвийн дэмжлэгийг бид Монгол Улсын засгийн газарт хөдөлмөр эрхлэлтийн салбарт бодлогын түвшинд ахиц гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгож байна. Төсвийн дэмжлэгийн хүрээнд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн салбарын хууль эрх зүйн орчин олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй илүү нийцэлтэй болсноос гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн засаглал сайжирч, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн аргачлал үндэсний хэмжээнд хэрэгжсэнд баяртай байна” хэмээн онцолсон.

 Төсвийн дэмжлэг нь  Европын холбоонд багтдаг орнуудын ард түмний татвар төлөгчдийн мөнгө. Нэг үгээр хэлбэл, манай улсын дутагдаад буй төсвийн хэрэгцээг хангаж буй буцалтгүй тусламж гэсэн үг. Харин энэ мөнгөний үр дүн, өгөөжийн талаар Засгийн газар, Сангийн яам, холбогдох яамнаас нэг ч мэдээлэл олон нийтэд өгөхгүй байгаа нь анхаарал татаж байна.

 

Европын холбоо 90 гаруй оронд төсвийн дэмжлэг үзүүлдэг

 

Европын Холбоо дэлхийд хэрэгжүүлж буй хөгжлийн төслийн 45 хувийг дангаараа санхүүжүүлдэг байна.

 Тус холбоо одоогийн байдлаар 90 гаруй оронд төсвийн дэмжлэг үзүүлдэг. Тухайн улсын төсөв дээр нэмэлт орон зайг бий болгох зорилготой. Өөрөөр хэлбэл, төсөвт нь шинээр бий болсон төсвийн дэмжлэгийн мөнгийг Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлтийг сайжруулах, хэрэгжилтэд нь төсвөө хуваарилах бололцоог олгож буйгаар онцлог. Түүнчлэн салбарын реформ бодлогын шинэчлэл, сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор ил  дэмжлэгийг хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд хөдөлмөр эрхлэлтийн салбарын бодлогын шинэчлэлд дэмжлэгийг ийнхүү үзүүлсээр иржээ.

 Гэвч энэ дэмжлэгийн мөнгийг зориулах ёстой салбартаа зарцуулагдсан уу гэдгийг ил тод мэдээлэх ёстой. 130 гаруй тэрбумаар хэмжигдэх уг төсвийн дэмжлэг төсвийн тогоонд ороод яасныг Сангийн яам олон нийтэд мэдээлэх шаардлагатай, бид эрэн сурвалжлах хэрэгтэй байна.

 

Төсвийн дэмжлэгийн мөнгийг тусад нь тайлагнах шаардлагатай

 

Төсвийн дэмжлэгийн гэрээ нь хоёр улсын Засгийн газар хоорондын илтгэлцэлд суурилсан гэрээгээр зохицуулагддаг. Төсвийн орон зай 43 сая еврогоор нэмэгдсэнээр хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь төсвийн хуваарилалт нэмэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтэд дутагдаад буй төсвөө энэ төсвийн дэмжлэгийн мөнгөөр нөхөх боломжтой. Манай улсад хэрэгжсэн тусламжийн сайн жишээнээс онцолбол, Нидерланд улс 1990 оны үеэс тахь нутагшуулах төслийг хэрэгжүүлснээр сайн үр дүнд хүрсэн. Өөрөөр хэлбэл, Чех улсын зоо паркт  байсан олон тооны тахийг монголд авчирч нутагшуулсан. Өнөөдөр Хустайн нуруунд эдгээр тахийг үзэх боломжтой. Тэгэхээр байгаль орчинд зэрлэг ан амьтныг нутагшуулах тусламжийн мөнгийг үр дүнтэй болгосон тод ижил тухайн улсаас өгч буй тусламж, дэмжлэгийг үр дүнтэй зарцуулах ёстой. Түүнчлэн Японы Засгийн газраас 20 гаруй жил үзүүлсэн  “Өвсний үндэс” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн үрээр Монгол Улсын олон цэцэрлэг, сургуулийн тохилог байр, боловсон хүчинтэй болсон. Тэгвэл одоо Монгол Улсын тулгамдсан асуудлын нэг Хөдөлмөр эрхлэлтийн салбарт энэ дэмжлэг, хөтөлбөр чиглэгдсэн. Тиймээс үр дүнг хэлэлцэх хүлээлт үүссэнийг нийтлэлээрээ сануулъя.

Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр  энэ талаар ярихдаа “Төсвийн байгууллагууд зардлын тайлан гаргахдаа үр дүнд чиглэсэн байдлаар тайлангаа гаргах  шаардлага үүссэн. Зөвхөн цалин, урсгал зардлын зүйлээ тайлагнахаас илүүтэй өөр эх сурвалжаас авсан мөнгө, төсвөө тайлагнах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,олон эх үүсвэрээс мөнгө авсан байдаг. Зээл, тусламж гэх мэт. Гэвч энэ мөнгөөр юу хийсэн гэдгээ тайлагнах гэхээр ойлгомжгүй болдог. Тиймээс үр дүнд суурилсан тайланг гаргах нь уг мөнгө яг юунд зарцуулагдсан нь ойлгомжтой болно гэсэн үг. Мөн УИХ-аар тухайн оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг хэлэлцэхдээ Засгийн газрын нэгдсэн тайланг биш төсвийн ерөнхийлөн захирагч нарын тайланг тусад нь хэлэлцвэл ойлгомжтой болно. Жишээлбэл, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд тайлангаа тавихдаа 2024 онд Хөдөлмөр эрхлэлтийн санд улсын төсвөөс ийм хэмжээний мөнгө зарсан, бусад улс, орон тухайлбал, Европын холбооны дэмжлэгээр орж ирсэн мөнгийг  ийм зүйлд зарцуулсан гэх зэргээр тайлагнах бололцоотой. Тэгэхээр яамдын сайд нар тус тусдаа, гарсан зардлаа тайлагнадаг болбол олон нийтэд илүү ойлгомжтой болно. Засгийн газрын нэгдсэн санхүүгийн тайлан  нь олон нийтэд ойлгомжтой биш байна” гэж ярьсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 30 (7526)