Базарбямбын НЯМСҮРЭН

 

Дэлхийн 100 гаруй орны удирдагчид энэ долоо хоногт хиймэл оюун ухааны форумд оролцохоор Парис хотноо цугласан бол Монголын төр, бизнесийн салбарынхан цуглаж хиймэл оюун ухаан, их өгөдлийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэв.  Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” хэлэлцүүлэх анхдугаар чуулганыг Төрийн ордонд өчигдөр зохион байгуулав.

Хүн төрөлхтний ирээдүйг хиймэл оюун ухаангүйгээр, түүнд суурилсан технологигүйгээр төсөөлөхгүй нь нэгэнт тодорхой болсон. Тэгвэл асар хурдацтай хөгжиж байгаа энэ салбарыг цаашид ямар бодлого, арга замаар хөгжүүлэх гэдгээ хэлэлцэж үндэсний хэмжээний стратегиа батлах зорилготойгоороо энэ удаагийн AI их өгөгдөл форум ач холбогдол өндөртэй гэж үнэлэгдэхүйц. Нөгөө талаар хиймэл оюун ухааны хөгжил дэлхийн түвшинтэй харьцуулахад ямар байгаа, бид юун дээр алдаж, юун дээр онож байгаагаа харьцуулах боломжийг ч мөн эндээс харж болохоор байлаа.

Монгол Улс бол хиймэл оюуныг хэрэглэгч орон. Цаашид бүтээгч орон болохын төлөө зорьж байна. Ингэхийн тулд салбартаа илүү хөрөнгө оруулж, үүнийгээ дагаад төр ямар бодлого, шийдвэр гаргах вэ гэдэг дээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Бид хиймэл оюуны инновацын төв байгуулах, хөрөнгө оруулалт татах, стартап экосистемийг хөгжүүлэх бололцоотой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Хиймэл оюун ухаан орчин үед дижитал шилжилтийн ДНХ болоод байна. Дижитал шилжилт хөгжил дэвшлийн гол тулгуур болсон. Төрд маш их өгөгдөл байна. Төр их өгөгдлийг хувийн хэвшлийнхэн, хиймэл оюуны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг байгууллагуудад нээлттэй болгож өгөх шаардлага бий. Бидний хэрэглэдэг технологиуд маш их эрчим хүч зарцуулдаг. Тиймээс хиймэл оюунд суурилсан мэдээлэл технологийн HUB байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Үүний дэргэд Дата төвийг мөн байгуулахаар ТЭЗҮ гаргаж байна. Хиймэл оюуныг хариуцсан үндэсний зөвлөлийг байгуулна. Ингэснээр бодлогоо тодорхойлж хэрхэн ажиллахаа тодорхойлно. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүд маш чухал. Цаашид Шинжлэх ухааны академи, их сургуулиуд, хувийн хэвшил нийлээд энэ чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг урьж тодорхой хэмжээний дадлага, судалгаа, шинжилгээ хийх цалинтай хөтөлбөрийг зарлахаар төлөвлөж байна. Харин төрийн зүгээс хувийн хэвшлийг олон төрлийн хууль, журмаар боомилохгүй байх хэрэгтэй. Цаашид  энэ салбарт ажиллаж буй хувийн хэвшлийг дэмжиж, татварын онцгой нөхцөл үзүүлнэ” хэмээн ярилаа.

Дэлхий нийтэд ч хиймэл оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх, ялангуяа геополитикийн нэн адармаатай байгаа өнөө цаг үед ёс зүйтэй, аюулгүй байдлаар ашиглах тухай асуудал нь сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээний уулзалт, форумуудын гол сэдэв болсоор ирсэн. Тиймээс манай улс ч мөн адил хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд тулгарч байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх бодлогоо зөв чигт боловсруулах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Өнөөгийн дижитал шилжилтийн цаг үед маш их дата мэдээлэл цугларч байгаа ч нөгөө талд үүн дээр ажиллах хүний нөөцөө бэлтгэх нь илүү чухал болоод байгааг салбарын зарим оролцогчид хэлж байна. Одоогоор манай улсад эрүүл мэндийн салбарт хамгийн их мэдээлэл цуглаад байна. Тиймээс энэхүү мэдээллийг бүрэн дүүрэн ашиглах, хиймэл оюун ухаантай хослуулан ажиллахад эрх зүйн орчныг бүрдүүлэх нь тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал гэдгийг мөн зохион байгуулагчид болон оролцогчид санал нэгтэй хэлж байна. Энэхүү форумд хиймэл оюун ухаанаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломжийг танилцуулсан олон стартап компаниуд өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж байлаа. Тэдний заримтай уулзаж, сонирхлоо.

 

“Номин холдинг”, “CU”-тэй хамтарч байгаа

Н.Мөнхжин

Хиймэл оюун ухаан ашиглан бизнесийн бүтээмжийг дээшлүүлэх шинэ программ хөгжүүлж байгаа “Мазаалай” платформын ахлах инженер Н.Мөнхжин “Мазаалай” хиймэл оюун ухаан ашиглаад хүмүүсийн ажлыг хялбарчлах зорилготой. Манайх монгол хүний үүсгэн байгуулсан Австрали компани. Монголд ноднин жилээс эхлэн CU номин Холдингс-тэй хамтраад камерт суурилсан AI анализ хийдэг үйлчилгээ хийх болсон. Бараа дүүргэлтийн үйлчилгээ гэж хэлж болно. Хаана, аль тасагт ямар бараа дутуу байна гэдгийг камераар хянаад, мэдээллийг нь төв рүү дамжуулдаг. Мөн “Номин”-гийн дэлгүүрүүдэд хулгай илрүүлдэг систем хэрэгжүүлж байгаа. Хэн нэгэн хүн бараа барьж байгаад халаасандаа хийлээ гэхэд илрүүлдэг, царайг нь таниулдаг програм гэсэн үг.

Манай үйлчилгээг ашигласнаар компанийн бүтээмж дээшилнэ, зардлаа хэмнэх гээд олон давуу талтай. Австралийн нэг компани гэхэд 12 ажилтантай байсан бол манай үйлчилгээг ашигласнаар зургаан хүний ажлыг AI нугалдаг болсон гэж хэлж байсан.

 

Замын гэмтлийг AI ашиглан илрүүлснээр ослоос сэргийлж чадна

 

“Ганцхан сарын дотор Монгол Улсын автозамыг бүгдийг нь шалгаж, хагарсан, эвдэрсэн гэмтлийг илрүүлэх боломжтой” хэмээн “Artum” платформыг хөгжүүлэгч Д.Санжсүрэн ярьж байна.

-Улсын хэмжээнд нийт хэдэн км замын урттайгаас, хэдэн ширхэг нүх байна, хэдэн мкв талбай хагаралтай байна, хаана хаана цагаан зураас арилсан байна зэргийг тооцоолж чадна. Манай моделийн хувьд АНУ, Япон, Энэтхэг, Норвеги, Чех зэрэг орнуудын 150 мянга гаруй мэдээлэлд суурилж дүгнэлт гаргадаг. AI сургалт 80 хувьд, 20 хувь нь тест. Тэгэхээр өөрөө өөрийгөө сургаад явчих боломжтой. Бусад моделиудаас харьцуулахад 93 хувьтайгаар нүхийг тогтоож илрүүлэх чадвартай.  

Одоогоор программ маань туршилтын шатандаа явж байгаа, манайх стартап компани учраас хөрөнгө оруулагч хайж байгаа. Хотын захиргаатай холбогдсон, хамтран ажиллах талаар ярьж байна” гэв. Нийслэл болон зам тээврийн яам ийм төрлийн үйлчилгээг хэдэн тэрбумаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж байсан. Энэ мөнгөний ядаж 10-20 хувьтай тэнцэх мөнгөөр бид ажиллаж чадна.

Зам дээр гарч байгаа ослын 80 гаруй хувь нь замын нүх, эвдрэлээс шалтгаалдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр бидний энэ санаачилга бодит ажил болвол осол аваарыг ч тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой.

 

“Эгүнэ” илүү ахисан түвшинд ажиллаж байна

 

2022 онд хотын дарга асан Д.Сумъяабазар анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан дуут туслахыг танилцуулж “Эгүнэ би Сумъяабазар байна” хэмээн харилцан яриа хийж хийж байсныг уншигчид санаж байгаа байх. Тэр өдрөөс хойш сураг нь тасарсан “Эгүнэ”-г сураглаж “Болорсофт” компанийн танилцуулгыг зорьж очсон юм.

Тус компанийн бизнес хөгжлийн менежер О.Баярмагнайгаас “Эгүнэ”-гийн талаар тодруулав.

-Манай компанийн хувьд хиймэл оюун ухаанд суурилсан дуут туслахыг хоёр төрлөөр хөгжүүлж байна. Эхнийх нь төрийн байгууллагад хандаж байгаа иргэдэд үйлчлэх онлайн туслах, байгууллагад зориулсан ажилтны туслах хэлбэрээр хөгжүүлж байна.

-Олон нийтийн зүгээс “Эгүнэ”-г  Apple-ийн “Siri” шиг эсвэл “Амазон”-ы “Alexa” шиг өдөр тутмын амьдралын хэрэгцээнд туслагч гэж ойлгож байсан. Харин таны ярьснаас “Эгүнэ” маань одоо онлайн туслахын үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Нэг талаар сүүлийн үед “Эгүнэ” нь бүтэлгүй болсон юм шиг ойлголт өгөөд байх шиг. Ер нь яагаад ийм ойлголтын зөрүү гарчихсан юм бэ?

-“Эгүнэ” орчин үеийн ChatGPT-тэй дүйцэхүйц хиймэл оюун ухааны модель болтлоо хөгжсөн. Ялангуяа өмнө хэлсэн төр, бизнесийнхэнд зориулсан мэргэжлийн туслагч болон явж байгаа. Яг олон нийтэд зориулсан “siri”, “alexa” шиг болгох нь бидний гол зорилго байгаагүй. Олон нийтийн хэрэглээнд зориулсан хэлбэр маань хөгжсөөр байгаа, гэхдээ нийтийн хэрэгцээнд зориулахад бид голлон анхаараагүй. Одоогоор Эгүнэ-г ажиллуулах боломжтой аппликейшн хөгжүүлж байна. Гэхдээ эцсийн хэрэглэгчдийн төхөөрөмжөөс шалтгаалж өөр өөр байдлаар хүрч байгаа. Түүнээс биш “Эгүнэ” гэж худлаа байсан эсвэл сураг тасарсан гэж ойлгож болохгүй байх. Үүнийг хүмүүс зөв талаар ойлгоосой гэж би хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 30 (7526)