Бага Хянганы нурууны зүүн хормой, түмэн хун чуулсан Сунгаар мөрний хөвөөнд орших Харбин хотын нэр бидэнд ойр сонсогдоод хэдийнээ 200 гаруй жил болжээ.
Харбин (ᠬᠠᠷᠪᠢᠨ, 哈尔滨[Hā'ěrbīn]) нь зүүн хойд Хятадын Хармөрөн мужийн төв бөгөөд Чанбайшан уулсаас эх аван Амар мөрний зүг урсах Сунгаар мөрний өмнөд эрэгт оршино. Харбин нь хүн амынхаа тоогоор Хятад улстаа 10-т
ордог (9.87 сая оршин суугчтай), зүүн хойд Хятадын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны төв юм. Харбин гэдэг нь эртний зүрчид аймгийн хэллэгээр хун гэсэн үгнээс үүдэлтэй гэсэн аман домог байдаг бол дундад зууны үеийн Манж хэлээр "загасны тор хатаадаг газар" гэсэн утгатай үгнээс гаралтай гэлцдэг. Өнөөгийн Харбин хотын нутаг дэвсгэрт 22 мянган жилийн өмнө эртний хүмүүсийн амьдарч байсан ул мөр олддог бөгөөд энэ цаг хугацаанаас хойш олон үндэстэн ястан хүмүүс энэ нутагт тасралтгүй амьдарсаар ирсэн түүхтэй.
Дундад зууны үед Харбин хотын нутаг дэвсгэрт манж аймаг төвлөн оршиж байсан бол 19 дүгээр зуун гэхэд Харбин хот Хятадын гадаад худалдааны үндсэн төв болж өргөжин хөгжиж ихэд нэр цуу нь түгсэн билээ. 1896 онд Харбинд анхны төмөр зам тавигдсанаар гадаад орнуудын харилцаа холбоо, худалдаа наймаа эрс нэмэгдэж тухайн үед Харбин хотод 33 орны 160 мянган гадаад иргэд тогтмол амьдарч эхэлсэн гэдэг түүхэн баримтууд байдаг. Энэ үед Харбин хот дэлхийг Хятад улстай холбох гол гүүр болж хувирсан бөгөөд дэлхийн хамгийн том банкнууд, төлөөлөгчийн газрууд нээгдэн ажиллаж байв. 1920-д онд Харбинд Парис, Москвагийн шинэ загварууд Шанхайгаас түрүүнд ирдэг байсан тул Хятадын загварын нийслэл гэгдэж байжээ.
Харбин нь өвлийн улирлын үзэсгэлэнт мөсөн хотхон болон Хятад-Оросын худалдаанд гол үүрэг гүйцэтгэдэг хот гэдгээрээ алдартай. Мөн өвлийн аялал жуулчлалын нэгэн чухал чиглэлийн нэг болж өвлийн спорт, соёлын арга хэмжээ тогтмол зохион байгуулагддаг учир “Цас мөсний хот” хэмээн дэлхий дахинд нэрлэгдсээр ирсэн. Өвөлдөө цельсийн -20 хэмээс дээш хүйтэрдэг уг хотын барилга байгууламж эртний Визант, өнөөгийн орос, өнгөрсөн зууны 30-аад оны япон хэв шинжийг агуулснаараа онцлогтой. Зам харилцааны хувьд эртнээс хөгжиж ирсэн төмөр замын чухал зангилаа өртөөнүүдтэй зүүн хойд Азийн бүхий л улс орон руу агаарын харилцаатай.
Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирэх жуулчдад хамгийн сонирхолтойд тооцогдох газрууд нь Харбин хотын гэгээн Софиягийн алдарт сүм, Амурын барын дархан цаазат газар, бол туйлын амьтдын усан хүрээлэн болон Үзэсгэлэнт Нарны арал, Гуадон зэрэг гадаад болон үндэсний онцлог хосолсон эртний гудамж. Мөн түүхэн барилга, үзвэр ихтэй, өвөл бүр дэлхийн өнцөг бүрээс барималчид ирж цас, мөсөөр өвөрмөц барилга, баримал бүтээж уралдаанд оролцдог, олон тооны цанын баазтай гээд үзэж харах зүйл ихтэй.
Азийн өвлийн спортын IX наадам
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-нд болж 34 орны 1275 тамирчин зургаан спортын 11 төрлийн 64 зай, ангилалд өрсөлдөж байна. Харбин хот нь Азийн өвлийн наадмыг 29 жилийн дараа хоёр дахь удаагаа хүлээн авах гэж буй бол Хятад улс түүхэндээ гурав дахь удаагийн өвлийн Азийн наадмыг зохион байгуулах бөгөөд манай улсын баг тамирчид Азийн өвлийн наадамд есөнтөө оролцож байна.
Олон улсын олимпын хорооны ивээл, Азийн олимпын зөвлөлийн удирдлага дор зохиогддог тивийн өвлийн спортын наадам анх 1986 онд Японы Саппоро хотод болж байсан бол үүнээс хойш Японд дөрөв, БНСУ-д нэг, Казахстанд нэг удаа хүлээн авсан бол БНХАУ-д гурав дахь удаагаа энэхүү наадмыг зохион байгуулж байна.
Монгол Улсаас энэ удаагийн наадамд дөрвөн спортын долоон төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор 35 тамирчин оролцож байгаа нь түүхэндээ хамгийн олон бүрэлдэхүүн болж байна. Монголын баг тамирчид “Саппоро-1990” Азийн өвлийн спортын наадмаас эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа төрлөөр анхны хүрэл медалийг хүртэж байсан бол дараа нь “Чанчүн-2007” наадамд уулын цанын чөлөөт гулгалтаар хүрэл медаль, “Астана, Алматы-2011” наадмаас бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанын зүг чиг олох уралдаан (ski orienteering)-ы төрлөөр дөрвөн хүрэл медаль хүртсэн. Монголын баг тамирчид Азийн өвлийн спортын наадмаас нэг мөнгө, зургаан хүрэл буюу нийт долоон медаль хүртжээ.
Энэ удаагийн Азийн өвлийн наадмын
Лого: Өвлийн спортын шорт-трекийн тамирчин, Харбин хотын бэлгэдэл голт бор цэцэг, бүжгийн туузыг хослуулахын зэрэгцээ логоны бүтцээс харахад энэ нь Азийн өвлийн 9-р наадмыг шууд илэрхийлсэн "九" гэсэн хятад үсгийн хувилбар байх ба Хятадын үндэстний "Эв нэгдэл"-ийн соёл "合" гэсэн ханзыг ч гэсэн дүрсэлжээ.
Уриа: “Өвлийн мөрөөдөл, Ази тивийн хайр”
Бэлгэдэл маскот: Бинбин болон Нини гэсэн нэртэй цас болон мөсийг бэлгэдсэн 2023 онд Харбинд мэндэлсэн Сибирийн барын бамбарууд юм.
Азийн өвлийн наадмын медалийн нүүрэн хэсэгт мөсөн зам дээр уян хатнаар гулгаж буй өвлийн спортын тамирчныг Азийн өвлийн наадмын эмблемийн хамт дүрсэлсэн байна. Харин медалийн ард хэсэгт өвлийн наадам зохион байгуулагдаж буй Харбин хотын эргэн тойрон дахь үзэсгэлэнт байгалийг дүрслэн үзүүлжээ
Хоёрдугаар сарын 7-ны орой IX Азийн өвлийн спортын наадмын сүлд дуу "Азийг гэрэлтүүлье" эгшиглэсэн Харбин хотын Олон улсын спортын ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийг албан ёсоор зарласнаар Азийн олон орны тамирчид эв нэгдлийн бэлгэдэл болсон өвлийн наадамдаа хурд хүчээ сорин, спортын шинэ шинэ амжилтын буухиа цуурайтсаар байна.
Харбиний Азийн өвлийн наадмын нээлтийн ёслолд оролцсон Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах “Энэ удаагийн Азийн өвлийн наадам нь Бээжингийн өвлийн олимпын ололт амжилтын үргэлжлэл юм. Хятад дахь өвлийн спортын наадмын хөгжил үнэхээр гайхалтай. Өдгөө хятад улсад 300 сая гаруй хүн өвлийн спортоор хичээллэж байна. Хэрэв энэ тоог дэлхийн өвлийн спорт сонирхогчдын тоотой харьцуулж үзвэл, 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын наадмын өмнөх болон дараах дэлхийн өвлийн спортын хөгжлийн байдал тэс өөр болжээ гэдгийг та бүхэн ойлгох болно. Харбины Азийн өвлийн наадам нь Бээжингийн өвлийн олимпын нөлөөг үргэлжлүүлж, цаашдын хөгжилд тасралтгүй эрч хүч өгөх болно Хятадын ард түмэн спортын томоохон арга хэмжээ зохион байгуулах мэргэжлийн ур чадварт бүрэн итгэж байна” гэжээ.
Нээлтийн ёслолд 140 бүжигчин Хятадын Зүүн хойд нутгийн тод өвөрмөц онцлог бүхий алчуурын бүжиг бүжиж, "Өвлийн мөрөөдөл, Азийн хайр" сэдвийн хүрээнд "Мөсөн дэнлүүнээс үүдсэн мөрөөдөл" хөтөлбөрөөр тоглолтыг эхлүүлж, нэгэн бяцхан охины мөс цасны хүсэл мөрөөдлийн тухай "мөрөөдөл эхэлсэн, мөрөөдлийн төлөө тэмүүлсэн, мөрөөдлөө биелүүлсэн" гэсэн утгыг илэрхийлэхийг зорьжээ.
Хятад судлаач. Доктор Х.Баатархүү