П.АМГАЛАН
“Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам өнөөдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Хайчийн ам”-д эхэлж байна. Мөсний баяр энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд ийнхүү нэ жилийн хувьд 9 хоног болж өргөжиж байгаагаараа онцлог юм. Өнөөдөр “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд мөсөн урлалын тэмцээн болох юм. Энэ тэмцээн 15-ныг хүртэл үргэлжлэх аж. Түүнчлэн “Хөх сувд” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг энэ жил “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлаж байгаа юм.
Мөн “Хөвсгөл Хөх сувд” олон улсын мөсний наадмын хүрээнд “Хөх цом” яруу найргийн наадмыг зохион байгуулагдана. Яруу найргийн эхний шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ. Тодруулбал, Дундговь аймгийн Хулд сум Д.Энхбаяр, Дархан-Уул аймаг Т.Банзрагч, Улаанбаатар хот Д.Гантөмөр, Орхон аймаг Н.Үржинбадам, Булган аймаг Н.Батжаргал, Хөвсгөл аймаг Б.Батсайхан, М.Уяахундага, Ш.Одбаяр, Р.Нэргүй, Б.Намуун нар тус тус шалгарчээ. Шилдэг 10-т шалгарсан найрагчид хоёрдугаар сарын 14-нд мөсний баярын талбайд болох “Хөх цом” яруу найргийн наадамд ирж шүлгээ уншиж шилдгүүдээ тодруулах юм.
Эх сурвалж:www.polit.mn