Б.Нандин
Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяа бүсгүйн ар гэрт есөн сая ринггит (ойролцоогоор хоёр сая ам.доллар)-ийн нөхөн олговрыг нэг сарын дотор олгох шийдвэрийг тус улсын шүүхээс гаргасныг лхагва гаригт мэдээллээ. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх асан, нэр бүхий улс төрч Абдул Разак Багиндагийн холбогдсон эл хэрэг олон жилийн турш эцэслэгдээгүй үргэлжилсээр байгаа. Охиноо алдсан С.Шаарийбуу гуай 10 гаруй жил Монгол Малайзын хооронд хэргийн учгийг тайлахаар олон удаагийн шүүх хуралдаанд оролцон, үнэн мөний төлөө тэмцсэнийг Монголын ард түмэн мэднэ.
2022 оны арванхоёрдугаар сард Малайзын Дээд шүүхээс Ш.Алтантуяагийн гэр бүлд таван сая ринггитийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаж байв. Энэ шийдвэрээр Малайзын цагдаагийн алба хаагчид болох Азила Хадри, Сирул Азхар Умар, тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакын зөвлөх Абдул Разак Багинда болон Малайзын Засгийн газар хамтран хариуцлага хүлээхээр болсон.
Гэвч Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда уг шийдвэрийг эсэргүүцэн нөхөн төлбөрийг цуцлах хүсэлт гаргаж давж заалдаад байв. Үүний хариуд хохирогчийн гэр бүл нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан бөгөөд давж заалдах шүүхийн үйл ажиллагаа үргэлжилж байжээ. Малайзын шүүхээс тус улсын Засгийн газрыг Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг яаралтай барагдуулах ёстой хэмээн үзэж, нэг сарын дотор хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ. Тус улсын шүүгч Сумати Муругиа энэ лхагва гарагт Малайзын засгийн газрыг 4.7 сая ринггит буюу 1.1 сая ам.долларыг, Абдул Разак Багиндад мөн 4.7 сая ринггитийн нөхөн олговрыг хохирогчийн гэр бүлийг төлөөлж буй Karpal Singh & Co хуулийн фирмийн дансанд байршуулах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан байна. Хэрэв тавдугаар сарын 19-нд болох давж заалдах шатны шүүх хуралдаанд засгийн газар болон Разак Багинда нар ялагдвал уг мөнгийг Ш.Алтантуяа агсны гэр бүлд хүлээлгэн өгөх аж.
Хэргийг эргэн сануулахад, 2006 оны аравдугаар сарын 18-нд Малайзын Ерөнхий сайдын орлогч байсан Датук Сери болон Нажиб Разакийн хоёр бие хамгаалагч нар бүсгүйн амь насыг хөнөөсөн болох нь тогтоогдсон байдаг.
Эх сурвалж: zms.mn