Ц.БАЯР

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам энэ сарын 13-22-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Хайчийн ам”-д зохион байгуулагдах гэж байна. “Хөх сувд” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг энэ жил “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлаж байгаа юм. Мөн нийт  урлаачийн дунд хоёрдугаар сарын 13-15-ний өдрүүдэд  “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд мөсөн урлалын тэмцээн болох юм. “Хөвсгөл Хөх сувд” олон улсын мөсний наадмын хүрээнд “Хөх цом” яруу найргийн наадмыг  зохион байгуулагдана. Яруу найргийн эхний  шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ. Тодруулбал, Дундговь аймгийн Хулд сум Д.Энхбаяр, Дархан-Уул аймаг Т.Банзрагч, Улаанбаатар хот Д.Гантөмөр, Орхон аймаг Н.Үржинбадам, Булган аймаг Н.Батжаргал, Хөвсгөл аймаг Б.Батсайхан, М.Уяахундага, Ш.Одбаяр, Р.Нэргүй, Б.Намуун нар тус тус шалгарчээ. Шилдэг 10-т шалгарсан найрагчид хоёрдугаар сарын 14-нд мөсний баярын талбайд болох “Хөх цом” яруу найргийн наадамд ирж шүлгээ уншиж шилдгүүдээ тодруулах юм. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр жил бүр болдог “Хөвсгөл Хөх сувд”олон улсын мөсний наадам энэ жилийн хувьд 9 хоног болж өргөжиж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: zms.mn