2024 онд RSF-ын Тусламжийн албанд Афганистан, Орос, Иран, Мьянмар, Судан зэрэг орны сэтгүүлчид ханджээ. Хэвлэл мэдээллийн эсрэг дарангуйлал нэн хүнд байгаа эдгээр улс орны нөхцөл байдлаас үүдэн RSF хүчээ нэмэгдүүлэх шаардлагатай болсон.

  • Афганистан: Талибууд эрх мэдлээ эргүүлэн авснаас хойш гурван жилийн дараа Афганистан RSF-ын Тусламжийн албаны анхаарлын төвд байсаар байна. 2024 онд 160 сэтгүүлч тус албаны дэмжлэг туслалцаа авчээ. Одоогоор тэдний 100 гаруй нь хүмүүнлэгийн виз олгохыг хүлээсэн байдалтай Пакистанд байрлаж байна.
  • Орос: RSF-ын тусламжийн алба өнгөрсөн онд Оросын 72 сэтгүүлчийг эх орноос нь нүүлгэн шилжүүлж, хилийн чанадаас хараат бус мэдээ бэлтгэхэд  санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь Кремлийн суртал ухуулгатай тэмцэхэд тус дэм болж байна.
  • Палестин: Тус улс нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд дэлхийн хамгийн аюултайд тооцогддог. 2023 оны аравдугаар сараас хойш 150 гаруй сэтгүүлч Израилийн армийн гарт амиа алдсанаас 41-ээс багагүй нь ажлаа хийснийхээ төлөө санаатай халдлагад өртжээ. Тусламжийн алба нь орон нутгийн түнш “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төлөө Арабын сурвалжлагчид” (ARIJ) ТББ-аар дамжуулан Газын зурваст тоног төхөөрөмж тараахаас гадна хөрш орнуудад орогнол эрсэн Газын 15 сэтгүүлчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн сэтгүүлчдэд визийн зөвшөөрөл мэдүүлэх зэрэг захиргааны дэмжлэг үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн.  
  • Иран: Исламын Бүгд Найрамдах Иран улс сэтгүүлчдийг хамгийн ихээр дарангуйлдаг дэглэмийн нэг хэвээр байна. 2024 онд RSF-ын Тусламжийн алба эх орноосоо дүрвэсэн Ираны 43 сэтгүүлчдэд тусламж олгожээ.
  • Мьянмар: Дэлхийд хамгийн олон сэтгүүлчийг шоронд хорьсон улс гэгддэг Мьянмарт олон олон хэвлэл мэдээллийн ажилтнууд шоронд хоригдсон ба эх нутгаасаа дайжсан. RSF өнгөрсөн онд Тайланд руу дайжсан Мьянмарын сэтгүүлчдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, тус улсын 43 сэтгүүлчид санхүүгийн тусламж олгосон байна. 
  • Судан: Судан нь улс орныг сүйрүүлсэн дайнаас болж сэтгүүлчдийн хувьд дэлхийн хамгийн хүнд хэцүү газруудын нэг болоод байна. RSF-ын Тусламжийн алба 2024 онд мэргэжлийнхээ улмаас онилогдсон Суданы 22 сэтгүүлчид тусламж үзүүлсэн.
  • Никарагуа: Даниел Ортегагийн дэглэм үндсэн зорилтынхаа нэг болох хараат бус сэтгүүлчдийн эсрэг дарангуйллаа эрчимжүүлсэн хэвээр байна. RSF өнгөрсөн онд Коста Рика руу дайжсан Никарагуагийн сэтгүүлчид болон АНУ-д орогнож байсан хэд хэдэн сэтгүүлчдэд санхүүгийн тусламж үзүүлжээ.

RSF-ын үндсэн таван санал зөвлөмж

Тайланд дурдсанаас үндсэн таван санал, зөвлөмжийг түүвэрлэн авав. Үүнд:  

  1. Аюулд өртсөн сэтгүүлчдэд яаралтай виз олгох нөхцөл бүрдүүлэх 
  2. Нүүлгэн шилжүүлэлт болон хувь хүнийг хамгаалах хөтөлбөрт хамрагдах боломжоор хангах 
  3. Нутгаасаа дайжсан сэтгүүлчдийг эх орон руу нь буцаахаас хамгаалах
  4. Дүрвэсэн сэтгүүлчдийн эсрэг халдлагын хэргийг ил тод мөрдөн шалгах 
  5. Сүрдүүлэг заналхийлэлд өртсөн сэтгүүлчдийг дүрвэгсэд хэмээн хүлээн зөвшөөрөх талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.

Эх сурвалж: RSF.org