Өнөөдөр МБШ Төв – Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы А танхимд “Социализмын үеийн бүтээн байгуулалт, соёл, гэгээрлийн хөгжилд лам нарын оруулсан хувь нэмэр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна. Хурлын хөтөлбөрийн хүрээнд “Монголын гадаад харилцаа ба Бурханы шашин ХХ зуунд” номын нээлт болж, Монгол орны төгс буянт шинэ зурхайг уламжлан хөгжүүлсэн эрдэмтэн мэргэдийг дурсан хүндэтгэх илтгэл тавигдаж байна. Тодруулбал, Ардын багш, доктор, профессор Л.Тэрбиш “Монгол орны төгс буянт шинэ зурхайн уламжлал, хөгжлийн онцлог” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Мөн хурлын үеэр Ганжуур, Данжуур судрыг дахин хэвлүүлэх тухай архивын баримтууд, социализмын үед лам нарын Монголын урлаг, соёл, соён гэгээрэлд оруулсан хувь нэмэр зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэгдэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монголын түүх, соёл, шашны хөгжлийг судлах, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.
Гандантэгчэнлин Хийд 2025.02.07