Б.НЯМСҮРЭН
МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал профессор С.Мөнхбаттай ярилцлаа.
-Та саяхан Төрийн ордонд болсон Гадаад харилцааны онол практикийн бага хуралд шинжлэх ухааныг орхигдуулснаар бүх салбар мухардалд орсон гэж шүүмжилж байсан. Энэ дүгнэлтээс тань яриагаа эхэлье?
-Өнөөдөр хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын орон зай гээд мэдээлэл технологийн хурдацтай хөгжил ярьж байна. Энэ бүхэн шинжлэх ухааны л ололт. Шинжлэх ухааныг хэн хөгжүүлж, бодлого ач холбогдол өгч, хөрөнгө мөнгөө хуваарилж, хүний нөөцөө бэлтгэж чадаж байна тэр улс орнууд илүү их хөгжиж байдаг.
Монгол Улсын Үндсэн хуульд “Засгийн газар шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлнэ” гэдэг заалт байдаг. Харамсалтай нь энэ заалт Үндсэн хууль батлагдсанаас хойш огт хэрэгжээгүй. Тэгээд өнгөрсөн 33 жилд бүх салбарын бодлого төлөвлөлт судалгаагүй, тооцоололд суурилалгүй явж ирлээ. Шинжлэх ухааныг ашигладаггүй, эрдэмтдийг оролцуулдаггүй зөвхөн улс төрийн шийдлээр асуудалд ханддаг болсон. Мэдээж шидвэрийг улстөрчид гаргаж болно, гэхдээ шинжлэх ухаанд суурилсан л байх ёстой. Гэтэл улс орнуудын хөгжлийн түүхийг харахад шинжлэх ухааны түүх л байдаг.
Дэлхийн бусад улсууд бүх шатандаа шинжлэх ухаанч байх зарчмыг тууштай хэрэгжүүлж хөгжиж байна. Хамгийн энгийн жишээ, манай өмнөд хөрш Хятад засаг захиргааны хамгийн бага нэгжээсээ эхлээд асуудалд тооцоо судалгаатай ажлаа эхэлдэг. Ямар ч ажил байсан эхлээд үндэслэл тооцооллоо хийгээд, байгаль орчин, хүний эрүүл мэндэд эерэг болон сөргөөр яаж нөлөөлөх юм гэдгийг эхлээд судална. Тэгээд судалгааны дүгнэлт гарсны дараа аль хувилбараар явахаа сонгодог. Манайх эсрэгээрээ. Улстөрчид хоорондоо тохироод гоё гоё юм яриад, судалгаагаа хаячихдаг. Одоо Улаанбаатар хот нь түгжрэлтэй, утаатай, хөрсний бохирдолтой. Цаашлаад хамгийн гол салбарууд болох эрүүл мэнд, боловсролын салбар нь тэр чигээрээ асуудалтай болчихсон. Эргээд үүнийгээ шийдье гэхээр анхнаасаа шинжлэх ухаанаа хаячихсан учраас мухардалд орчихсон, шинжлэх ухаанаа ашиглая гэхээр аль хэдий нь чадамжгүй болчихсон, дэлхийн хөгжлөөс хоцорчихсон. Шинжлэх ухаанаа өнгөлж зүлгэж, хөрөнгө төсөвлөж хүний нөөцөө бэхжүүлээгүй учраас чадамж муутай болчихсон. Ингээд хүний нөөц, техник тоног төхөөрөмж, судалгааны лаборатори нь хоцрогдчихоор эргээд Монголын шинжлэх ухааны салбараас үр өгөөж гарахгүй байна гээд голоод эхэлж байна.
-Та бол 33 жилийн алдаа гэж дүгнэж байгаа юм байна. Тэгэхээр одоо үүнийг яаж засах вэ?
-Үндсэн хуульд байгаа тэр заалтаа даруй хэрэгжүүлэх, шинжлэх ухаандаа зарцуулах хүний нөөцөө чадавхжуулах, ахиад шинэ хүмүүсийг бэлтгэж гаргаж ирэх хэрэгтэй. Мэдээж энд тодорхой хугацаа хэрэгтэй. Гэхдээ ингэхгүйгээр цаашаа явах боломжгүй.