Б.БАЯРЖАВХЛАН
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбарын профессор Д.Энхбатыг урьж, ярилцлаа.
-Газрын ховор элемент маргаан дагуулсан сэдэв болоод багагүй хугацаа өнгөрч байна. Таны хувьд хэд хэдэн орд дээр судалгаа, туршилт хийсэн байдаг. Энэ талаар яриагаа эхэлье?
-Миний хувьд 2011 оноос газрын ховор элементийн судалгаанд анхаарлаа хандуулсан.
2016 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Монгол орны газрын ховор элементийн ордуудын хүдэрт технологийн минералогийн судалгаа болон хүдрийн баяжигдах шинж чанарын судалгааг хийж байна.
Газрын ховор элемент нь Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үеийн өндөр технологийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд учраас аж үйлдвэржсэн улс орнууд онцгой анхаарал хандуулж байна.
Хүмүүс газрын ховор элементийг их үнэтэй металл гэж боддог. Тэгвэл газрын ховор элементийн бүлэгт Менделеевын үелэх системийн Лантаноидын 15 металл болон иттри, сканди ордог. Эдгээр 17 металлууд нь өөр өөр шинж чанартайгаас гадна хэрэглээ, үнэ, агуулж буй эрдсээсээ шалтгаалан өөр байдаг. Түүнээс гадна алт, зэс, нүүрс, төмөр, хайлуур жонш гэх мэт бусад ашигт малтмалтай харьцуулбал хүдрийн баяжигдах чанар нь хамгийн хүнд юм. Монгол орны газрын ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах оролдлогууд сүүлийн 30 гаруй жил хийгдсэн. Одоогоор бодит үр дүн гараагүй. Тиймээс Монгол орны газрын ховор элементийн зарим ордуудад хийсэн геометаллургийн судалгааны ажлын үр дүнд үндэслэн манай орны газрын ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой эсэхэд хариулт өгөхийг зорьж судалгааны ажил эхлүүлж байсан. Судалгааны ажилд Мушгиа худгийн орд, Халзан Бүрэгтэйн орд болон Лугийн ордыг хамруулсан. Манай орны газрын ховор элементийн ордууд яагаад эдийн засгийн эргэлтэд орохгүй байгаа нь олон хүчин зүйлүүдээс хамаардаг. Үүнийг цөөн үгээр тайлбарлахад төвөгтэй. Гэвч оролдоод үзье.
Газрын ховор элементийн ордоос хамаарах үзүүлэлтүүд буюу ордын нөөц, хүдрийн металлын агуулга, тухайн ордод зонхилж байгаа газрын ховор элемент агуулсан эрдсүүдийн газрын ховор элементийн ислийн агуулга, тухайн газрын ховор элементийн ордод давамгайлж байгаа элементүүд, зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний чанар буюу баяжуулалт гидрометаллургийн боловсруулалтын үрд үндэслэн гарган авах баяжмал , бүтээгдэхүүний чанар, эрэлт хэрэгцээ, үнэ зэрэг нөлөөлдөг.
Гадаадын эрдэмтэд манай ордуудыг сайн судалсан. Жишээ нь, Япон, Германы, Финлянд, Оросын эрдэмтэд манай орны газрын ховор элементийн хүдрийн шинж чанар болон баяжигдах чанарыг нь судалсан байдаг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд байхгүй байсан. Үүнд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол манай ордуудын нөөц харьцангуй бага, хүдрийн металлын агуулга бага байгаатай холбоотой.
-Засгийн газрын 14 мега төслийн хүрээнд Халзан бүрэгтэйн ордыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. Энэ нь хэр бодитой вэ?
-1990 оны үед Халзанбүрэгтэйн ордыг олж илрүүлж байсан. Тухайн үед хайгуул хийж байсан хүмүүс нь дэлхийн хэмжээний орд илрүүллээ гэж ярьж байсан. Түүний дараа бусад ордуудыг илрүүлж байсан. Халзан Бүрэгтэйн орд болон Хотгорын орд нь ойролцоогоор нэг сая тонн газрын ховор элементийн ислийн нөөцтэй. Мушгиа худгийн орд нь хагас сая тонн орчим газрын ховор элементийн ислийн нөөцтэй. Харин Лугийн голын орд нь 15 мянган тонн газрын ховор элементийн ислийн нөөцтэй байна. Хүдэрт агуулагдаж байгаа газрын ховор элементийн ислийн агуулга нь Мушгиа худгийн орд, Хотгорын орд болон Лугийн голын ордод 1-3 хувийн хооронд хэлбэлзэж байгаа бол, Халзан Бүрэгтэйн ордод 0.6 хувь байна. Хоёр дахь гол хүчин зүйл нь тухайн ордын хүдэр дэх газрын ховор элемент агуулж байгаа гол эрдсүүд, тэдгээрийн тоо ба төрөл юм. Жишээ нь, Маунтин Пассын газрын ховор элементийн ордын хүдэрт 75 хувийн газрын ховор элементийн ислийн агуулга бастнезит зонхилдог бол, Баян Овоогийн газрын ховор элементийн ордод хүдэрт бастнезит болон 65 хувийн агуулга бүхий монацит зонхилдог. Тиймээс энэ хоёр ордын хүдрийг баяжуулахад өндөр агуулга бүхий баяжмал буюу 65 хувиас илүү агуулгатай баяжмал гарган авах боломжтой. Харин Мушгиа худгийн ордын хүдэрт ойролцоогоор 20 хувийн ислийн агуулга бүхий апатит зонхилж байгаа бол, Хотгорын ордын хүдэрт апатит болон 32 хувийн газрын ховор элементийн ислийн агуулга бүхий бритолит зонхилж байна. Халзан Бүрэгтэйн ордын хүдрийн голлох эрдэс нь циркон ба цирконий силикатууд бөгөөд циркон нь ойролцоогоор таван хувьтай байдаг. Тэгвэл энэ ордыг ашиглах технологийн асуудал нь шийдэгдээгүй байна. Эдийн засгийн хувьд ашигтай эсэх нь тодорхойгүй байна гэсэн үг. Харин ашигт малтмалын чанарыг нь харвал металлын агуулга багатай, боловсруулахад хэцүү.
-Тэгвэл бид газрын ховор элементийн ордыг ашиглалтад оруулахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Газрын ховор элементийн ордуудад хийсэн геометаллургийн судалгааны зарим үр дүнд эрдэс боловсруулалтын аргаар баяжуулах туршилт амжилттай болж, ойролцоогоор 10 хувийн газрын ховор элементийн ислийн агуулгатай баяжмал гарган авч байсан. Лугийн голын ордын хүдрийг гравитацийн аргаар баяжуулахад 20 хувийн ислийн агуулгатай баяжмал гарсан. Энэ бүгдээс харахад дээрх гурван ордын хүдрийг баяжуулаад гарган авсан баяжмал нь газрын ховор элементийн агуулга багатай байгаа тул дэлхийн зах зээл дээр шууд борлуулах боломжгүй. Гарган авсан баяжмалаа гидрометаллургийн аргаар боловсруулан газрын ховор элементийн дан ислүүдийг гарган авах шаардлага урган гарч байна. Ингэж байж манай улс газрын ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Судалгаанд хамрагдсан гурван ордыг харьцуулж үзэхэд, Лугийн голын орд нь хамгийн бага нөөцтэй учраас эдийн засгийн ач холбогдол багатай. Халзан Бүрэгтэйн ордын хувьд ойролцоогоор нэг сая тонн ислийн нөөцтэй боловч, хүдрийн металлын агуулга маш бага, гарган авах баяжмалын металлын агуулга маш бага, гарган авсан баяжмалаа гидрометаллургийн аргаар боловсруулах хэрэгтэй.
Мөн газрын ховор элементийн голлох эрдсүүдийн найрлагад уран ба тори бага хэмжээгээр байдаг учраас газрын ховор элементийн хүдрийг баяжуулах, ялангуяа гидрометаллургийн аргаар боловсруулж дан исэл гаргаж авах явцад цацраг идэвхт хаягдал гардаг. Жишээ нь, Баян-Овоогийн газрын ховор элементийн уурхайн орчмын газрууд нь цацраг идэвхт элементээр бохирдсон байдаг. Тиймээс хэрэв Монгол орны аль нэг газрын ховор элементийн ордыг ашиглаж эхлэх тохиолдолд тухайн ордын хүдрийг баяжуулах, боловсруулах явцад ямар нэг цацраг идэвхт элементийн бохирдол үүсэхгүй байхаар технологийн асуудал шийдэгдсэн байх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 20 (7516)