Ц.МЯГМАРБАЯР

 

“Айдакс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригтой уулзаж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүдийн нөхцөл байдлын талаар ярилцав.

 

-Айдакс” биржийн үндсэн үйл ажиллагааны талаар эхлээд танилцуулна уу?

-Айдакс /idax/ нь  виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж буй арилжаа хийдэг платформ. 2022 онд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан. Одоогоор Монгол Улсад 12 байгууллага ийм үйл ажиллагаа эрхэлж байна. Хүссэн хэн бүхэнд байршлаас үл хамаарч дэлхийн аль ч өнцгөөс манай платформд нэвтэрч арилжаа хийх боломж олгож буй блокчэйн технологид суурилсан шинэ төрлийн цахим бизнес гэж ойлгож болно. 2021 оноос хойш бид криптовалютын зах зээлд хувьсал хийсээр ирсэн. Одоо 24/7 өдрөөр тасралтгүй арилжаа хийх боломжийг Айдакс бирж олгож байна.

-Криптовалютын үүсэл хөгжлийн талаар дэлгэрүүлж тайлбарлаж өгнө үү?

-Криптовалют олон янз. Тухайлбал,  мөнгө, төгрөгийг хурдан, шуурхай шилжүүлэх хэрэгцээг хангах зорилгоор анх цахим мөнгө хэлбэрээр биткойныг гаргаж байсан. Тэгвэл өнөөдөр энэ нь хөгжсөөр илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгоход чиглэж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний үнэ цэнийг хадгалж байдаг алттай ижил цахим алт болж байна гэсэн үг. Мөн биткойноос гадна этэрум, солона хэмээх платформ маягийн блокчэйн байна. Эдгээр нь “смарт контракт” буюу “ухаалаг гэрээ”-гээр     бизнесээ өргөтгөх боломжтой блокчэйнүүд. Түүнчлэн хэрэглээний токенүүд байна. Жишээлбэл, ардкойн шиг. Төрөл бүрийн үйлчилгээг аваад ard койныг цуглуул. Тэгээд койноороо бараа үйлчилгээг хямдруулж ав гэдэг ч юм уу. Үүнийг utility буюу хэрэглээний койн гэдэг. Мөн дэлхийд сүүлийн үед маш их хэрэглэгдэж буй секюрити токен буюу үнэт цаасны токен. Энэ нь  бодит хөрөнгийг токенжуулж арилжаанд нэвтрүүлсэн гэсэн үг. Ард нь үнэт цаас болон бонд, үл хөдлөх хөрөнгө, алт байж болно. Нэг үгээр хэлбэл, тухайн бодит хөрөнгийн үнэ цэнийг хадгалаад токеныг нь чөлөөтэй арилжих боломжтой өмч юм. Мөн стэйблкойн гэж байна. Үүнийг аргамжсан төгрөг /доллар/ гэдгээр орчуулж болно. Манайд МОНТ гэж төгрөгтэй 1:1- ээр аргамжсан арилжааны төгрөг байгаа. Ер нь стэйблкойн гэж юуг хэлэх вэ гэвэл тогтворгүй, өндөр савлагаатай байдаг криптовалютын зах зээлд тогтвортой байдал нь эрэлт хэрэгцээтэй шинж чанар юм. Тус салбар нь үнийн хэлбэлзлээрээ алдартай ч үймээн самууныг сааруулах нэг шийдэл нь стэйблкойн бөгөөд энэхүү захын томоохон төлөөлөгч стэйблкойнуудын нэг бол USD Tether /USDT/ юм. Tether стэйбл койн нь бусад стэйбл койнуудтай харьцуулахад илүү олон бирж дээр олон криптотой хослол үүсгэн арилжигддаг. Ханш нь тогтвортой бөгөөд ам.доллартой 1:1 харьцаагаар үнэ нь баталгаажсан валют юм.

-Сүүлийн үед миим койн гэж ярьж байна. Энэ ямар учиртай койн юм бол?

-Койн, токен дотроо маш олон төрлөөр хөгжиж буй. Сүүлийн үед нэлээн задгайрч миим койн гэж гарч ирсэн. Энэ нь ямар ч утга, санаа агуулаагүй. Саяхан TRUMP койн гэж гаргасантай ижил. Бас MELANIA койн гэж гаргасан байх жишээтэй. Эдгээрийн үнэ нь огцом өссөн. Үүний ард ямар ч үнэ, цэн хэрэглээ байхгүйг мэдэж байгаа хэр нь яагаад хүмүүс худалдан авч үнийг өсгөөд байна вэ гэвэл энэ ердөө цуглуулга. Хүн хоббигоороо уран зураг, марк цуглуулдаг гэдэг шиг зүйл. Гэтэл тэр жижигхэн зурагтай цаас ямар үнэ цэнтэй байх билээ.Тэгсэн хэр нь хүмүүс үнэ цэнтэй  ховор гэж ойлгож авч байна. Яг үүнтэй ижил Trump токеныг гаргасан. Трамп ерөнхийлөгч болохтой зэрэгцүүлж гаргаж ирсэн. Ирээдүйд үнэ цэнтэй болно гэдэг байдлаар тодорхой тоотой гаргасан. Иймэрхүү сонин зүйл их болж байна.

- АйДакс /Iidax/дээр одоогоор хэчнээн төрлийн хослол арилжаалагдаж байна?

-Манай дээр 300 гаруй төрлийн хослол бий. ардкойн тэргүүтэй монголчуудын гаргасан хэд, хэдэн токен байна. Өргөө кино театрын гаргасан urg, xrp, гэсэн токен, “ИхБит” компанийн гаргасан ihc, zescoin гэх мэтчилэн байна. Дийлэнх нь дэлхийн том криптовалют  манай дээр бүгд байгаа.

- 2021 оны үед манайд маш олон койн, токен гарч ирж зарим хэсэг нь боломжийн мөнгөтэй болж зарим хэсэг нь алдаж хохирсон муу түүхтэй. Тэгэхээр одоо хүссэн хүсээгүй манайх энэ чиглэлд илүү нээлттэй байх хэрэгтэй болж байна уу?

-Манайд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуульгүй үед 50-60 орчим токен гарсан байдаг. Алдаж, оносон зүйл бий. Гэхдээ бид дэлхийн шилдэг технологийн шийдлийг ашиглаж цаашдаа явах нь ойлгомжтой. Алдаан дээр нь дөрөөлж энэ үйлчилгээг хаах, хориглох нь буруу. Засаж сайжруулаад явах ёстой. Нэг үеэ бодвол үйлчилгээ үзүүлэх хуультай, дүрэм журамтай боллоо. Цаашид технологийн боломжийг хэрхэн өөрсдөдөө ашигтай байх хувилбараар хөгжүүлээд явах ёстой. АНУ-д Трамп ерөнхийлөгч болсноор криптовалютыг 100 хувь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Хэлсэн ёсоор ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд аль хэдийн ажлаа эхлүүллээ. Криптог дэмждэг хүмүүсийг том албан тушаалуудад томилж байна. Америкийн төв банкны ерөнхийлөгчөөр крипто эзэмшдэг хүнийг томилж байх жишээтэй. Үүнтэй холбоотой хууль, дүрэм, журмыг суллаж байна. Банкнуудад гүйлгээ хийхийг хориглосон байсан бол буцаагаад нээж байна. Татварын тухайд маш ээлтэй бодлого явуулна гэдгээ зарласан. Өөрөө хэлбэл, татвар авахгүй гэсэн. Ер нь АНУ криптовалютын зах зээлд тэргүүлэгч улс болно гэдгээ зарлалаа. Бодлогоо ил тод зарлаж байна. Тэгвэл ирэх дөрвөн жилд АНУ-ын бодлогууд тодорхой. Үүнтэй холбоотой ажлаа шууд хийгээд эхэлчихлээ. Түүнчлэн АНУ биткойн болон бусад  криптовалютаар долларын ард байх нөөцөө бүрдүүлэхээр боллоо. Зөвхөн алтаар биш болчихлоо. Магадгүй нэг өдөр биткойны үнэ нэг сая ам.доллар болоход бүх өрөө дарах хэмжээнд очно гэж үзэж байна. Америк маш их өртэй улс. Тэгэхээр тэр өрөө дарах гарц гэж харж байна. Үүндээ асар өндөр итгэлтэй байгаа нь харагдаад байна. Түүнчлэн улс нь хөрөнгө оруулалт хийнэ, биткойн цуглуулна гэж байгаа. Энэ нь өөрөө маш том үйл явдал болж байна. Тэгэхээр манай улс цаашид ямар бодлогоор явах юм гэдгээ тодорхой болгож  дүрэм, журмаа илүү уян хатан болгох ёстой болж байна.

- Тэгэхээр Виртуал хөрөнгийн тухай хуулиа батлах хэрэгцээ яг одоо бүрэлдэж байна гэж та үзэж байна уу. Эсвэл бусад улсыг ажиглах, судлах шаардлагатай юу. Ямар хөрөнгийг виртуал хөрөнгө гэж үзэх юм гэдэг  асуудалтай байх?

-Виртуал хөрөнгө гэж ямар хөрөнгийг нэрлэх вэ гэдгээ тогтоогүй байгаа үед шууд хууль батлах тухай ярих арай эрт байна. Хуульчилсан улс дэлхийд одоогоор алга. Хэрхэн яаж зохицуулах вэ гэдгийг тодорхойлж зохицуулаад амжилттай хэрэгжүүлсэн улс нэг ч байхгүй. Харин бодлогоо тодорхойлоод явж байгаа орон байна уу гэвэл АНУ байна. Виртуал хөрөнгө гэж ямар хөрөнгийг хэлэх вэ, хэрхэн татвар авах, ямар хөрөнгийн ангилалд авч үзэх, ямар нягтлан бодох бүртгэлээр бүртгэх гээд энэ бүгдийг тодорхойлох хэрэгтэй. Түүнээс биш нэг их хэрэглээнд нэвтрээгүй, шинэ тутам дөнгөж үүсээд явж байгаа зүйлийг шууд хуульчилж болохгүй. Бүр тодруулбал, ямар төрлийн виртуал хөрөнгүүд байна. Тэдгээрийг хувьцаа гэх үү, хөрөнгө гэж үзэх үү эдийн бус хөрөнгө гэж үзэх гэх мэтээр ангиллуудыг нь нээлттэй болгох хэрэгтэй. Одоогоор татварын бодлогоо тодорхойлъё гэсэн иймэрхүү хандлагатай байна. Ер нь хууль батлах нь өрөөсгөл ойлголт. Мэдэхгүй юмыг шууд хуульчилбал алдаа их гарна. 2021 оны койн, токенүүдийн  хөөсрөлтийг эс тооцвол олон нийтийн оролцоо энэ зах зээлд маш бага. Тэгэхээр бага оролцоотой салбарт хуулийг нь батлах гээд яараад байх  шаардлага алга.

-Zes,urguu kойнууд хэр үр дүнтэй байна вэ?

-Нийтдээ манай зах зээл маш муу  байна. Ер нь  койн, токен гэж ярьдаг хүнийг бүгд луйварчид гэж үздэг болсон. Гэхдээ зах зээл сэргээд ирвэл сайн, муу нь ялгарах байх. Ялгарч байна. Үнэхээр энэ салбарт ажиллах гэж байсан нь шалгараад үлдлээ. Анхнаасаа боломжийг ашиглаад амархан аргаар мөнгө олох гэсэн хүмүүс ард хоцорсон. 3-4 жилийн цаг хугацаа хэн нь үнэн байсан, хэн нь худал байсан гэдгийг харууллаа. Тэгэхээр одоо энэ салбар эргээд сэргэж байна. Тэгвэл буцаад гараад ирэх нь нээлттэй. Нэг л нуугдсан хулгай, дээрэм хийсэн хүмүүс шиг л байдалтай байна.

-Дэлхийд хэчнээн еxchange байна. Тэдэнтэй харьцуулбал “Айдакс” хаана нь яваа бол?

-Манай “Айдакс” гадаадын том еxchange-үүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд очно. Өнөөдөр манайх 190 мянган харилцагчтай. 90 мянга нь гадаад бол 100 нь дотоод харилцагч. Бид цаашдаа олон улс руу чиглэж ажиллах алсын хараатай. Бүс нутагтаа харьцуулбал эхний 100 эрэмбэлэгдэх хэмжээнд очно. Бидний алсын хараа ч тийм зорилготой. Иймэрхүү еxchange дэлхий даяр 1000 орчим байгаа.

 -Дэлхийн хамгийн том еxchange Вinance гэдэг. Тэгэхээр үүнтэй өрсөлдөх хэмжээнд очно гэсэн үг үү?

- “Вinance” бол дэлхий нийтийг хамарсан том еxchange. Гэхдээ сүүлийн үед маш их шүүмжлэл дагуулж байгаа. Яагаад гэвэл тэд тухайн улсаас нь зөвшөөрөл авахгүйгээр иргэдэд нь үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь тухайн бирж дээр ямар эх үүсвэрээс олсон мөнгөө арилжаалж мөнгө угааж байгааг хянадаггүй. Тиймээс АНУ, Европын холбооны  улс “Вinance”-ыг хаасан. Хүчтэй том гүрнүүд хаагаад байхад манай улс чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж олгосоор байна. Дийлэнх арилжаа “Вinance” дээр явагддаг. Гэтэл манай улс хуультай орон. Бидийг хуулиараа зохицуулдаг хэр нь  вinance-ийг хааж чадахгүй байна. Бид татвар төлж байна. Ажлын байр бий болгож байна. Арилжааны шимтгэл гээд олон төлбөрийн зардал гаргаж ажиллаж байхад Вinancе манай хуулиас гадуур ажиллаж арилжааг хийсээр байна. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт  Вinance -д хамаагүй юу. Вinance дээр хамаг хууль бус мөнгө угаалт явагддаг. Гэтэл манай улс энэ еxchange дээр яагаад хяналт тавихгүй байгаа хэр нь биднийг чангалдаг юм. Энэ тэгээд шударга өрсөлдөөн үү. “Binance” -ийг хаана гэвэл энэ бирж дээр арилжаа хийдэг маш олон хүн эсэргүүцнэ. Гэхдээ шударга өрсөлдөөн байлгах хэрэгтэй гэвэл Монгол Улс хуулийн хүрээнд хяналтаа тавих хэрэгтэй. Яагаад хааж болохгүй гэж. Үүнийг хуулиараа зохицуулах боломжтой. Бид хуульд мөн саналаа өгсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 19 (7515)